Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас “Аз жаргалтай гэр бүлийн төлөө хамтдаа” үйл ажиллагааныхаа хүрээнд “Юу байна түүгээрээ тусалъя-2" аяныг эхлүүлжээ.
Тус аяны үйл ажиллагаа энэ оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд өрнөх юм. Иймд орон нутгийн албан байгууллага, аж ахуй нэгж, иргэд идэвхтэй оролцож, хамтран ажиллахыг зохион байгуулагчдын зүгээс уриалж байна.
Иргэд аянд нэгдэхдээ Ховд аймаг дахь Номин, Гигант, Домбот, Нарлаг худалдааны төв болон хүнсний үйлчилгээ үзүүлдэг дэлгүүрт байршуулсан хандивын сагс буюу “Хүнсний багц”-д хандивлах зүйлсээ үлдээнэ. Мөн томоохон эмийн сангуудад байршуулсан “Витамин ариутгалын багц” \сагс\-д хандивлах зүйлсээ үлдээх боломжтой.
Ийнхүү цугларсан хүнсний бүтээгдэхүүн, витамин, бусад зүйлсийг олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, эрсдэлт нөхцөлд байгаа өрхөд хүргэхээр төлөвлөжээ.
“Юу байна түүгээрээ тусалъя-2" аян нь коронавирусний халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан хүнс тэжээлийн дутагдалд орж болзошгүй зарим айл өрх, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, эрсдэлт нөхцөлд амьдарч буй иргэдэд туслах, тэдний дархлааг дэмжих зорилготой аж.