Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Ховд аймгийн ИТХ-ын хурал 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр анхдугаар хуралдаанаа зохион байгуулсан. Тус хурлаар ИТХ нь Нутгийн удирдлага, хууль, эрхзүйн гадаад харилцаа, ёс зүйн хороо, Төсвийн хяналт, Эдийн засгийн хороо, Нийгмийн бодлогын хороо, Хүнс, Хөдөө аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлалын хороо, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хороо гэсэн 5 хороотой байх тухай асуудлыг хэлэлцэн баталсан юм.
Тэгвэл өнөөдөр /2020.11.24/ хуралдаж буй ээлжит 2 дугаар хуралдаанаар хороодын чиг үүрэг, бүрэлдэхүүнийг хэлэлцэн баталлаа. Өөрөөр хэлбэл төлөөлөгчдийн өөрсдийнх нь санал, ИТХ-ын ажлын албанаас тухайн төлөөлөгчийн мэргэжил, ажлын туршлагыг нь харгалзан хийсэн хувиарлалтын дагуу 1 төлөөлөгч 1-2 хороонд багтан ажиллахаар болжээ. Нэг хороо 16-17 гишүүнтэй бүрэлдэхүүнтэй байх ба хороод хуралдаж хорооны дарга нараа томилох юм байна.