Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр ЭМЯ, ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын Тандалт судалгааны алба, Ховд аймгийн ЭМГ хамтран “Эх хүүхдэд ХДХВ, гепатит В вирус болон тэмбүүгийн халдвар дамжихыг зогсоох” арга хэмжээний сургалтыг энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэхүү сургалтын хүрээнд Ховд аймгийн ЭМГ, БОЭТ, Өрхийн эрүүл мэндийн төвийн 20 гаруй эмч, мэргэжилтнүүдэд “Эхээс хүүхдэд ХДХВ, гепатит В вирус болон тэмбүүгийн халдвар дамжих”-ыг зогсоох арга хэмжээний талаар цогц мэдлэг олгож, сургагч багш бэлтгэх замаар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээг сайжруулахаар зорьж байгаа юм. Ингэснээр Ховд аймаг нь баруун бүсийн жишиг аймаг болж, цаашид хөдөөгийн сумдаас гадна баруун бүсийн бусад аймгуудад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллах боломж бүрдэнэ гэж албаныхан онцоллоо.
Энэ удаагийн сургалтаар дамжуулан ерөнхий онолын мэдлэг олгохоос гадна дадлага ажлыг өртөөчилсөн хэлбэрээр явуулж, эхээс хүүхдэд ХДХВ, гепатит В вирус болон тэмбүүгийн халдвар дамжихыг зогсоох арга зам, халдвараас сэргийлэх дархлаажуулалт, оношилгоо, эмчилгээ, илрүүлэлт, хурдавчилсан шинжилгээний аргачлалын талаарх эмч нарын гардан үйлдлийн ур чадварыг сайжруулах юм.
Сургалтын дараагаар ДЭМБ, ЭМЯ, ХӨСҮТ-ийн хамтарсан баг, мэргэжилтнүүд “Эх хүүхдэд ХДХВ, гепатит В вирус болон тэмбүүгийн халдвар дамжихыг зогсоох” тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны байдалд дэмжлэгт хяналт үнэлгээ хийж, зөвлөгөө өгч ажиллахаар төлөвлөжээ.
ВИДЕО: