Яруу найрагч, зохиолч Лувсангийн Дагвадорж агсаны хөшөөний нээлт энэ сарын 21-ний өдөр Ховд аймгийн Буянт сумын төвд боллоо. Буянт сумын уугуул, "Дууны шүлгийн хаан" хэмээн цоллогдсон Л.Дагвадоржийн амьдрал, уран бүтээлийн дурсгалд зориулсан энэхүү хөшөөг зураач, барималч Б.Аюурзана бүтээжээ.
Улмаар нэрт яруу найрагч, зохиолч Лувсангийн Дагвадорж агсаны хөшөө баримлыг шинэ соёлын төвийн урд талбайд суурилуулсан байна.
Энэхүү хөшөө баримлыг соёл, утга зохиолын салбарыг хүндэлдэг, түүний төлөө сэтгэл, үйлсээ зориулдаг нэр бүхий хүмүүс санаачилж, “Лувсангийн Дагвадорж” сангийн ивээн тэтгэлгээр бүтээн босгосноороо онцлогтой.
Нээлтийн үйл ажиллагаанд “Лувсангийн Дагвадорж” сангийн тэргүүн Л.Цэрэндулам болон Буянт сумын Залуучуудын холбоо, соёлын төв, Монголын зохиолчдын эвлэлийн Ховд аймаг дахь Алтай салбарын удирдлага, холбогдох төлөөлөл, бусад уран бүтээлчид оролцлоо. Энэ үеэр аймаг, сумын удирдлага, холбогдох хүмүүс үг хэлж, хүндэтгэл үзүүлсэн юм. Ийнхүү Ховд аймагт анх удаа зохиолч уран бүтээлчийн дурсгалд зориулсан хөшөө босгон, дурсгалыг нь мөнхжүүлж байгаа юм.