Сүүлийн жилүүдэд нийгмийн гаж тогтолцоо, ажилгүйдэл, ядуурал, архидалт, гэр бүл салалт, эхнэр нөхөр, эцэг эхийн маргаан зөрчилдөөн, иргэний үүрэг хариуцлагаа ухамсарладаггүй, үл хайхарсан байдлаас шалтгаалан хүүхдийн эрх зөрчигдөх тохиолдол нэмэгдэж энэ бүхний эцсийн золиосонд хүүхэд хүчирхийлэл гэмт хэрэгт өртөн эрүүл мэнд амь насаараа хохирсоор байна. Хаалганы цаана хохирч байгаа хүүхэд, гэр бүлд хугацаа алдалгүй, шуурхай төрийн үйлчилгээг хүргэхээр холбогдох байгууллагууд бүх боломжоо дайчлан ажиллаж байгаа ч хүчирхийллийн гаралт жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь олон нийтийг түгшээж байгаа юм. Тиймээс хүүхдийн эрхийг хамгаалах “Сүүдэр бүү тусга” нөлөөллийн аяны хүрээнд Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, аймгийн Цагдаагийн газар, “Дэлхийн Зөн Ховд” ОНХХ хамтран “Хөгжил” политехник, Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал нийгмийн ажилтан, сэтгэлзүйч нарыг хамруулсан “Хүүхдийн ертөнцийг хайрлая, хамгаалъя” сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Тус сургалтыг Ховд аймгийн ИТХ-ын дарга, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Г.Пүрэвганди, ГБХЗХГ-ын дарга Ц.Номинчимэг нар нээж үг хэлсэн бөгөөд Аймгийн цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Ж.Оронбасар, урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн цагдаагийн ахмад Б.Болормаа нар “Ховд аймгийн хэмжээнд сүүлийн 3 жилийн байдлаар гэмт хэргийн хохирогч, холбогдогч болсон насанд хүрээгүй хүмүүсийн талаар дэлгэрэнгүй судалгаа, шалтгаан нөхцөлийн талаарх мэдээлэл”, “Хүүхдийг гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ анхаарах зүйлс” сэдвээр, ГБХЗХГ-ын Хүүхдийн эрхийн улсын байцаагч О.Мандалсүрэн, Гэр бүлийн асуудал салбар дундын хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Ичинхорлоо нар “Гэр бүл, хүүхдийн өнөөгийн нөхцөл байдал анхаарах зүйлс”, “Байгууллагын хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилт, эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхижүүлэх нь” сэдвээр, ХИС-ийн багш доктор Б.Цэрэндаваа, сэтгэлзүйч С.Хишигтогтох нар “Хүүхдийн хүмүүжил төлөвшил сургуулийн орчинд анхаарах зүйлс”, “Боловсролын салбар дахь сэтгэлзүйн үйлчилгээний хэрэгцээ” сэдвээр тус тус нарийн судалгааны үндэслэлтэй тодорхой тоо баримт бүхий мэдээллүүдийг танилцуулж, хүүхэдтэй хамгийн ойр ажилладаг сургуулиудын захирал, нийгмийн ажилтан, сэтгэлзүйч нартай цаашид хүүхэд хамгаалал, хүүхдийн эрх зөрчигдөхөөс хэрхэн урьдчилан сэргийлж ажиллах талаар харилцан санал солилцлоо.
Ийнхүү Монгол улсын хэмжээнд өрнөж буй Хүүхдийн эрхийг хамгаалах “Сүүдэр бүү тусга” нөлөөллийн аян Ховд аймагт амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд сургалтанд оролцогчид тус аянд нэгдэж байгаагаа илэрхийлэн дурсгалын зураг даруулсан юм.