Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбогдуулан Ховд аймгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчны бүс, авто замын уулзваруудад цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна. Тодруулбал, аймгийн төв буюу Жаргалант сумын тухайд ерөнхий боловсролын долоон сургууль, 14 цэцэрлэгийн орчны бүсэд замын цагдаа болон нийтийн хэв журам хамгаалах тасгийн нийт 25 алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Тэд “Хичээл эхэллээ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчны бүс, авто зам, уулзваруудад хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган зохицуулалт хийж, хяналт тавих замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд ажиллаж байна. Эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчид хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Ховд аймгийн Цагдаагийн газраас уриалав.