Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас орон нутгийн иргэдийг өрхийн болон хувиараа жижиг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, бүлгээр үйл ажиллагаа явуулах, нөхөрлөл хоршоо, аж ахуйн нэгж байгуулж үйл ажиллагаагаа тогтвортой хадгалах, ажлын байр шинээр бий болгох боломж бүрдүүлэх зорилгоор жилийн 7.2 хувь, сарын 0.6 хувийн хүүтэй жижиг зээл олгодог. Өнгөрсөн 2017-2019 он буюу гурван жилийн хугацаанд жижиг зээл олгох арга хэмжээнд нийт 180 иргэн, аж ахуй нэгж хамрагдаж, 1.892.4 сая төгрөгийн санхүүжилт авчээ. Үүний үр шимийг бодитоор хүртэж, шаргуу хөдөлмөрлөж яваа Ховд аймгийн Дөргөн, Чандмань сумын зарим иргэдтэй уулзав.
ВИДЕО:
Дөргөн сумын иргэн Ц.Түмэнбаярын гэр бүл ажлын байраа өргөтгөх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгодог жижиг зээлд 2018 онд хамрагдаж, 6 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авчээ. Түүний гэргий Ө.Сайнхүү 1985 онд оёдолчин мэргэжил эзэмшиж, гэрийн нөхцөлд оёдолын үйлчилгээ үзүүлсээр ирсэн байна. Эднийх оёдолын цехээ түшиглэн монгол дээл, орчин үеийн загварын чиг хандлагыг дагасан хувцас урладаг. Цаашид ажлын байраа өргөжүүлэх, тоног төхөөрөмж нэмэгдүүлэх, материалын нөөц бүрдүүлэх зэрэг зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгодог жижиг зээлд 2019 онд Чандмань сумын Жаргалант багийн иргэн Ч.Анхбат хамрагдаж 15 сая төгрөгийн жижиг зээл авчээ. Улмаар тугалтай дөрвөн үхэр худалдан авсаны 2 нь сүүний чиглэлийн үхэр юм. Ингэсэнээр сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулан орон нутагтаа зарж борлуулан, өрхийн орлогоо нэмэгдүүлж байна. Сүүний чиглэлийн нэг үхэрнээс өдөрт дунджаар 12 литр сүү авч байгаа бөгөөд нэг литр сүүг 2500 төгрөгөөр борлуулдаг байна. Цаашид сүү цагаан идээний чиглэлээр фермертэй болохыг зорьж байгаа гэнэ.