Ховд аймагт Залуучуудын хөгжлийн сарын аян “Нэг залуу-Нэг санаачилга” уриа дор өрнөж байна. Жил бүрийн наймдугаар сарын 25-нд Монголын залуучуудын өдөр тохиодог. Үүнтэй холбогдуулан 2014 оноос эхлэн Залуучуудын хөгжлийн сарын аяныг өрнүүлдэг уламжлал тогтсон байна. Тэгвэл энэ жил Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Залуучуудын хөгжлийн төв”-өөс тус аяны үйл ажиллагааг “Нэг залуу-Нэг санаачилга” уриа дор зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Мөн тус аяны үйл ажиллагаа нь орон нутагт тулгамдсан зарим асуудлыг залуучуудын хүч, идэвх оролцоо, санал санаачилга дор шийдвэрлэх, нийгэмд үзүүлэх эерэг хандлагыг бий болгох, хамтдаа хөгжих боломж бүрдүүлэхэд чиглэж буй юм. Энэ утгаараа залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль сурталчлах подкаст, мэргэжил сонголтын талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, холбон зуучлах өдөрлөг зэргийг тусгай хуваарийн дагуу зохион байгуулахаар болжээ.
Мөн хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, амьдрах ухааны цахим сургалт явагдана. Түүнчлэн англи, солонгос хэл болон гитар хөгжим, хувь хүний хөгжил хосолсон таван хоногийн үнэ төлбөргүй сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ. Эдгээр үйл ажиллагаанд оролцох хүсэлтэй иргэд 99434355, 85849797, 99349232 утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм.
"Нэг сэтгэл-Нэг амь” цусны донорын аянд 30 гаруй иргэн нэгджээЭнэхүү аяны хүрээнд "Нэг сэтгэл-Нэг амь” цусны донорын нэг сарын аян өрнүүлж байгаа юм. “Нэг сэтгэл-нэг амь” аянд 30 гаруй иргэн нэгдэж, цусаа хандивласан байна. Уг аяны хүрээнд цусаа хандивлахыг хүссэн иргэн бүр ажлын өдрүүдэд өглөө 09:00 -11:00 цагт Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Цусны төвөөр үйлчлүүлэх боломжтой. Нэг удаа цус бэлэглэхэд гурван хүний амь авардаг тул залуучууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тус аянд нэгдэж, цусаа хандивлахыг албаны эх сурвалжууд уриалж байна.