Ховд аймгийн Нийтийн номын сангийн хамт олон санаачлан "Зуны зугаатай уншлага" үйл ажиллагааг Буянт гол дээр зохион байгуулж байна. Тус үйл ажиллагааны зорилго нь Буянт голын зусланд байгаа айл өрхийн хүүхэд багачууд, өсвөр үе, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, ном унших, хөгжих боломжийг бүрдүүлэхэд чиглэж буй юм. Хоёр дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй "Зуны зугаатай уншлага" үйл ажиллагааны хүрээнд 300 орчим ном дэлгэжээ.
Одоогийн байдлаар дунд ангийн сурагч, хүүхэд багачууд идэвхтэй оролцож, олон төрлийн ном зохиолтой танилцаж байна. Энэхүү үйл ажиллагааг есдүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Лхагва гараг бүр 10:00-15:00 цагт тогтмол зохион байгуулах аж.
Өнгөрсөн жил "Зуны зугаатай уншлага" үйл ажиллагааны хүрээнд 1000 орчим ном дэлгэсэн. Ингээд давхардсан тоогоор 3000 гаруй хүнд үйлчилсэн гэх судалгаа бий.
Ташрамд: Ховд аймгийн Нийтийн номын сангийн хамт олон өдгөө “Цахим уншлагад нэгдэцгээе” үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байна. Энэ хүрээнд байгууллагын албан ёсны цахим хуудсаар дамжуулан сонирхолтой өгүүллэг, үлгэр, тууж, роман зэргийг олон нийтийн хүртээл болгож буй.