Жумагийн өргөсөн шаргал чулуу 550 кг жинтэй



Ховд аймгийн Булган сумын төвөөс 47 км зайд “Өмнө цөөгийн ам” гэх 50 метр өндөр дэнж дээр 550 кг орчим жинтэй цул шаргал чулуу бий. Тус чулууг Урианхай угсаатны бөх Н.Жумаг голоос өргөн ирж, тулгын гурван чулуун дээр тавьсан аж.
Энэ талаар нутгийн иргэдийн ярьсан түүхийг танилцуулбал:
Жумаг нь гэр бүлгүй, ганц бие, хааяа “хазаар гүйлгэчихдэг” шилийн сайн эр байжээ. Нэг удаа хийсэн хэргээрээ Булган гол орчимд баригджээ. Ингээд Ховдын амбанд хүргэхээр шийдвэрлэж дөрвөн настай үхрийн арьс дэвтээж байгаад нойтноор нь түүний биед ширлэж, хоёр тахараар харгалзуулан явуулсан байна. 
Явах замд хоёр тахараас “Бөөс хуурсандаа баригдаад ах нь хэцүү байна, ширийг минь суллаад Ховдод ойртох үед дахин ширлэж амбанд тушааж өгөөч” гэж гуйжээ.
Тэгэхээр нь “Чи тийм сүрхий бөх юм бол зад татаад гараад ирэхгүй юу” гэж егөөджээ. Энэ үед тэрээр  “Би төрийн хуулинд баригдаж яваа болохоос биш, дөнөн үхрийн арьсанд хүлэгдэж яваагүй байна” гээд нэг гүнзгий амьсгаа аваад арьсыг зад татан гараад ирж гэнэ.
Ингээд нөгөө хоёр тахар “Утсын чинээн улаан амийг минь өршөө” гэж мөргөн гуйжээ. Тэгэхээр нь Жумаг “Юун ч тасарчихмаар хямдхан амь бэ, та хоёроос суллаад өг л гэж гуйсан болохоос, оролдох санаа ч алга” гээд хамт явсан байна.
Улмаар Булган гол өгсөж явах замдаа "Өмнө цөөгийн ам"-нд хоол унд хийж идэцгээн, морьдоо идээшлүүлэн амрах зуур “За би насаараа ганц бие явлаа. Үр хүүхэд ч алга. "Нааш цааш Булган голыг өгсөж уруудсан торгууд, урианхай ард түмэн намайг үеийн үед дурсаж яваг” гэж хэлээд голын хөндийгөөс нэг том шаргал чулууг аргамжаар боож, хүзүүндээ уяад, нүдээ мориныхоо тохмоор татаж боолгоод хоёр гараараа чулууг давхар хаман барьж, толгод өгсөн тулгын гурван чулуун дээр авч ирж тавьжээ.
Хэт хүнд зүйлийг хүч гарган өргөхөөр хүний нүд бүлтэрдэг тул хамгаалах зорилгоор ийнхүү морины тохмоор нүдээ боолгосон гэж нутгийн буурлууд хуучиллаа.   
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ