Баатархайрхан уулын соёмбыг 1970 онд урлажээ



Ховд аймгийн төвөөс найман км зайд Баатархайрхан хэмээх Монгол Улсын соёмбо бүхий уул бий.  Тал газарт тасарч тогтсон энэхүү уул хүмүүсийн нүдэнд содон харагдаж, соёмбо үсгээр чимэглэгдсэн нь түүхэн учир холбогдолтой. Энэхүү уулыг 1911 оноос өмнө Талын улаан гэж нэрлэдэг байжээ. Улмаар 1912 онд Ховд хотыг Манжийн дарлалаас чөлөөлөхөд Талын улаан уул түүхэн үүрэг гүйцэтгэсэн.  Тодруулбал, сангийн хэрэмд төвхнөж, хятад цэргээр хамгаалуулсан Манжийн амбаныг дайлахаар  тус  ууланд Хатанбаатар С.Магсаржав жанжны цэргүүд шивээлэн буужээ. Улмаар эсрэг ууланд байрласан Манлайбаатар Ж.Дамдинсүрэн, шар сүмийн хойт ууланд байрлаж байсан Жа лам Дамбийжанцан нарт  түүдэг галын дохио өгсөнөөр Ховдыг чөлөөлөх байлдаан соёмбот тугийн дор эхэлж байсан түүхтэй. Ийнхүү эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцсэн баатарлаг гавьяаг мөнхжүүлэх, түүхэн үйл явдлыг үнэлэх зорилгоор  Ардын хувьсгалын 20 жилийн ойн баярыг тохиолдуулан Бүгд найрамдах монгол ард улсын бага хурлын тэргүүлэгчдийн зарлигаар тус ууланд “Баатархайрхан” цол олгожээ. Хожим 1970 оны үед Ховд аймгийн анхны шугам зургийн мэргэжлийн багш Б.Гомбо Баатархайрхан уулын энгэрт соёмбо урласан байна. Энэ талаар Монгол Улсын гавьяат ойжуулагч Н.Цэндсүрэн: “Багшийнхаа хийсэн соёмбыг бид сэтгэл зүрхэндээ нандигнаж явдаг шүү. 1970 он буюу 10 дугаар ангийн сурагч байх үед  Тоосгон заводоос шохой зөөж,  Б.Гомбо багш минь ватум цаасан дээр нямбайлан зурсан соёмбыг  Батархайрхан  ууланд урлаж байхад бид  хамтдаа байсан” гэж хуучиллаа. Харин Б. Гомбо багшийн гэргий Н.Бадамханд ” Тухайн үеийн аймгийн товчоо захиргааны хурлаар орж энэхүү соёмбыг хийх болсондоо хань минь их баяр хөөр болж билээ” хэмээн ярьж байв. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ