Боловсролын салбарт 18.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ



Ховд аймгийн боловсролын салбарт 2020 онд хийж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар албаны эх сурвалжаас тодруулав. Энэ онд тус аймгийн боловсролын салбарт нийт 18.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 40 орчим төрлийн ажил хэрэгжиж байна.
Тодруулбал, Улсын төсвийн 17 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 19, орон нутгийн төсвийн нэг  тэрбум орчим төгрөгөөр 14, Хөшөөт хөгжил сангийн 199 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 9 ажил тус тус хэрэгжиж буй юм. Үүнээс онцлоход, энэ оны наймдугаар сард буюу хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө Цаст-Алтай цогцолбор сургууль болон Хөгжил политехник коллежийн хичээлийн байрыг шинээр ашиглалтад хүлээн авна. Мөн Алтай сумын сургуулийн хичээлийн байрны өргөтгөл, Булган, Дуут сумын сургуулийн спорт заалны барилга энэ онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.
Түүнчлэн боловсролын салбар байгууллагуудад хийж буй засвар шинэчлэлийн ажил тусгай төлөвлөгөө, хуваарийн дагуу хэвийн үргэлжилж байгаа юм. Эдгээр ажил нь сургууль, цэцэрлэгийн сургалтын орчныг сайжруулах, алслагдсан бүс нутгийн иргэдийг боловсролын үйлчилгээнд тэгш хүртээмжтэй хамруулахад чухал ач тустай. Ховд аймаг нь шинэ суурьшлын бүсэд сургууль, цэцэрлэг барих, алслагдсан бүс нутгийн хүүхэд, багачууд, залуу үеийнхнийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах чиглэлд анхаарч буй юм.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ