Ховд аймгийн Музей үзмэрүүдээ хөнгөлөлттэй үнээр толилуулж байна



Жил бүрийн долоодугаар сарын 9-ний өдрийг Засгийн газраас "Үндэсний хувцасны өдөр" болгосон. Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн Музейн хамт угсаатны үзмэрийн танхим, өв соёлын хүрээнлэнд хадгалагдаж байгаа үзмэрүүдийг 50 хувийн хямдралтай үнээр үзэх, угсаатны хувцасыг өмсөж дурсгалын зураг татуулах боломж олгож байна. Энэ нь иргэд олон нийтийн соёлын дархлааг бэхжүүлэх, хүүхэд багачууд, залуу үеийнхэнд үндэсний хувцасны онцлог, хэв маягийг танин мэдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. 
Ховд аймгийн Музейн сан хөмрөгт 3100 гаруй үзмэр бий. Үүнээс угсаатны үзмэр 560 гаруй, тэр дундаа дээл хувцас, гоёл чимэглэлийн зүйл 180 гаруй ширхэг хадгалагдаж, танхим болон түр үзэсгэлэнгийн журмаар олон нийтийн хүртээл болж байгаа юм. Аймгийн Музейд хадгалагдаж буй дээлнүүдийн тухайд 19-20 дугаар зууны үед хэрэглэж байсан, ямарч засвар ороогүй, эртний уламжлалт эд гэдгээрээ онцлогтой. Мөн эрэгтэй дээлнүүдийг 1980 оны үед Норжин гэх хүний эсгүүрээр урласан байдаг гэж судлаачид хэллээ. Одоогийн байдлаар Ховд аймгийн Музейд 10 орчим угсаатны дээл хадгалагдаж байгаа бөгөөд оёдол, хээ хуар, гоёл чимэглэлээрээ ялгарч, өөр өөрийн давтагдашгүй онцлог шинжийг агуулдаг гэж мэргэжилтнүүд онцлов. 
Үндэсний хувцасны өдрийг тохиолдуулан олон угсаатны түүх соёлоор аялаж, үндэсний дээл хувцасаа өмсөж зураг авхуулан нэг өдрийг гэр бүл, найз нөхдийн хамт дурсамж бүтээж өнгөрүүлэхийг аймгийн Музейн хамт олон уриалсан юм.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ