ЭЕШ өгөхөөр хөдөөгийн сумдаас ирэх сурагчдыг Жаргалант суманд нэвтрүүлэхээр шийдвэрлэжээ



2019-2020 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалт |ЭЕШ| долоодугаар сарын  02-05-ны өдөр улс орон даяар зохион байгуулагдана. Ховд аймгийн хувьд энэ жил ЕБС-ийн 12 дугаар ангийг 917 сурагч төгсөж байгаа. Үүнээс 847 сурагч  ЭЕШ өгөхөөр бүртгүүлжээ. Шинэ төрлийн коронавирусний халдварын улмаас хөл хорио тогтоосон ч төгсөх ангийн сурагчдад зориулсан сургалт, давтлага хичээл зохион байгуулсан юм. Энэ удаагийн ЭЕШ-ыг  аймгийн төв буюу Жаргалант сумын ерөнхий боловсролын нэг, хоёрдугаар сургууль дээр тус тус зохион байгуулна.
Шинэ төрлийн коронавирусний халдвар, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан улс, аймгийн Онцгой комиссоос гаргасан зөвлөмжийг баримталж,  Ховд аймгийн БСУГ-аас сурагч бүрийг нэг удаагийн бээлий, амны хаалт, халдвар хамгааллын хэрэгслээр хангахаар болжээ.   
ЭЕШ зохион байгуулагчдаас гадна нэмэлтээр эмч болон үйлчлэгч ажиллуулна. Шалгалт зохион байгуулах сургууль тус бүрт урьдчилан сэргийлэх үзлэгийн өрөө бий болгосон аж. 
Ховд аймагт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлах тухай аймгийн Засаг даргын А/340 дугаар захирамж гарсан. Гэхдээ ЭЕШ өгөхөөр хөдөөгийн сумдаас ирэх сурагч, багш, эцэг эхчүүдийг мэргэжлийн байгууллагын хяналт дор Жаргалант суманд нэвтрүүлэхээр шийдвэрлэжээ. 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ