Ховд аймагт тарваган тахалын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Болормаатай цөөн хором ярилцллаа.
- Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Цагдаагийн газраас ямар арга хэмжээ авч байна вэ?
-Ховд аймгийн Жаргалант, Цэцэг суманд нийт 13 хяналтын пост ажиллуулж, цагдаагийн 62 алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. Мөн аймгийн Онцгой байдлын газар, Авто тээврийн төв зэрэг мэргэжлийн байгууллагын алба хаагчид хамт үүрэг гүйцэтгэж байгаа юм. Хамгаалалт зохицуулалтад үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад “Гоц халдварт тарваган тахлын үед ажиллах” Эрүүл мэндийн яамны сайдын 2017 оны 160, 161 дүгээр тушаалыг танилцуулж, аюулгүй байдлаа ханган ажиллах талаар чиглэл хэрэгжүүлж байна.
-Иргэд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд юунд анхаарах хэрэгтэй бэ?
-Тарваган тахлын байгалийн голомттой бүсэд Ховд аймгийн Алтай, Булган, Цэцэг, Мөст зэрэг сум хамаардаг. Иргэд тарвага, тарваганы гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй, хот суурин газарт нэвтрүүлэхгүй, эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх хэрэгтэй. Мөн тарваган тахлын вакциныг хийлгүүлэх шаардлагатай юм.
-Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хязгаарласантай холбоотойгоор хяналтын пост, цэгүүдэд нөхцөл байдал ямар байна вэ?
-Хяналтын пост, цэгүүдээр дамжин өнгөрч байгаа болон аймгийн төв буюу Жаргалант сумаас гарах, орох тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нилээд байна. Ялангуяа Бичигт, Улбаанбогочийн пост ачаалалтай ажиллаж байна. Иргэд аймгийн Засаг даргын захирамж, постод үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын тавьж байгаа хууль ёсны шаардлагыг биелүүлэх хэрэгтэй. Хөдөлгөөн хязгаарласантай холбогдуулан иргэд, жолооч нар баталгаагүй зам болон замгүй хэсэг, хад асгатай газраар зорчиж өөрийн болон хамт яваа хүмүүсийнхээ амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулахгүй байхыг анхааруулж байна. Хэрэв гаргасан шийдвэрийг зөрчсөн тохиолдолд холбогдох хуулийн дагуу хариуцлага оногдуулна.
-Ярилцсанд баярлалаа.