Ховд аймгийн нутаг дэвсгэрт 2020 оны эхний таван сард бүртгэгдсэн гэмт хэргийн судалгааг Цагдаагийн газраас танилцууллаа. Ховд аймаг дахь Цагдаагийн газарт 2020 оны эхний таван сарын байдлаар нийт 1278 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн гомдол мэдээллийн 397 нь гэмт хэргийн шинжтэй. Харин 881 нь зөрчлийн шинжтэй байна.
Мөн 221 гэмт хэрэг бүртгэгдсэн байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13.9 хувь өссөн үзүүлэлт гэж албаны эх сурвалж мэдээллээ. Үүнд тодорхой хэд хэдэн төрлийн гэмт хэргийн үзүүлэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэмэгджээ. Тодруулбал, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 13 бүртгэгдэж, 30 хувиар өсжээ. Залилах гэмт хэрэг 22 бүртгэгдсэн буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 69.2 хувь өссөн үзүүлэлттэй байна. Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 51 бүртгэгдэж, 37.8 хувиар өссөн аж.
Харин хүүхэд оролцсон гэмт хэрэг өмнөх онд 19 бүртгэгдэж байсан. Тэгвэл энэ оны эхний таван сарын байдлаар 11 бүртгэгдэж 42.1 хувь буурчээ. Түүнчлэн хулгайлах гэмт хэрэг 28 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 44.0 хувь буурсан үзүүлэлт аж.
Аймгийн хэмжээнд нийт гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлт 44.7 хувьтай байна. Гэмт хэрэг, зөрчил ихэвчлэн лхагва, бямба гаригт үйлдэгдсэн гэж бүртгэжээ. Насны хувь 25-29 насны залуучууд гэмт хэрэг, зөрчилд холбогдох нь түгээмэл байгаа аж. Гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, илрүүлэлтийг сайжруулах, урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд мэргэжлийн байгууллагууд үе шаттай ажил зохион байгуулахын зэрэгцээ нийтийн эзэмшлийн гудамж, талбайд нэмэлтээр теле камер суурилуулжээ.