Ховд аймгаас Бийск хотноо бэлэг хүргэсэн түүх...



Дэлхийн II дайны үед Монголчууд Зөвлөлтийн ард түмэн, улаан армид нэлээд тусламж үзүүлсэн түүхтэй. Үүний нэг бол тэртээ 1943 онд  Ховд аймгаас цугларсан 240 тонн бэлгийг хойд хөрш Зөвлөлтийн Улаан армид хүргэхээр 1200 тэмээнд ачиж, 108 жинчин хөдөлжээ. Тэд сүрлэг өндөр даваа,  ус мөрнийг гатлан өвлийн цагаар монгол эрчүүдийн хатуужил, тэвчээрийг шалгасан ирэх, очих нийт 2700 км замыг 230 хоногийн турш туулж Бийск хотод хүрсэн түүхтэй. Түүх түүхээрээ үлдэж, жинчдийн байгуулсан гавьяа мартагдах учиргүй. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Борондонгийн Лувсан энэхүү цувааг 18 настайдаа ахалж явжээ.
Түүнтэй  2005 онд Ховд их сургуулийн багш, доктор М.Ганболд уулзан дурсамж тэмдэглэлийг нь бичсэн аж. Улмаар ХИС-ийн НХУС-ийн Түүхийн тэнхимийн “Түүхийн товчоон” сэтгүүлийн 2009 оны Tomus-IV-т хэвлүүлжээ. Ийнхүү Ховд аймагт цугларсан бэлгийг Бийск хотод хүргэхэд тохиолдсон сонирхолтой үйл явдал, түүх, дурсамжийг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Б.Лувсангийн гэр бүлийн гишүүдийн зөвшөөрлийн дагуу хүргэж байна.  



Б.Лувсан дурсахдаа...
... Зовох цагт нөхрийн чанар танигддаг. Гитлерийн Герман ЗХУ-ыг халдан дотолсон мэдээг баруун монголчууд өөртөө тохиолдсон гай зовлон гэж хүлээн авч байлаа.
Дэлхийн II дайны хүнд жилүүдийн нэг буюу 1942 оны зун Ховд аймагт Германы фашизмын эсрэг эх орноо хамгаалан тулалдаж байгаа Зөвлөлтийн /ЗХУ/ цэрэг эрсэд явуулах “бэлэг цуглуулах” сайн дурын хөдөлгөөн өрнөсөн юм.
Би сумынхаа эвлэлийн үүрийн даргаар ажиллаж байсан учир энэ ажлыг гардан зохион байгуулагч нарын нэг байлаа. Тэр үед Манхан сум 4000 гаруй хүнтэй боловч бичиг үсэг мэддэг нь 10 орчим байсан учир намайг нас залуу гэлгүй эвлэлийн үүрийн даргаар томилон ажиллуулж байсан хэрэг.
Фронтод сайн дураар бэлэг хандив цуглуулах хөдөлгөөний явцад манай Манхан сумын захчин ардууд 2700 шахам агт морь, 500.000 орчим төгрөгийн эд материалын тусламж үзүүлсэн юм. Энэ тусламжийн бараа олон зуун тэмээн хөсөг болж байлаа.
Манхан сумын I багийн малчин Э.Жамсран,  А.Дамдин, Х.Бүүвэй нар 18-31 агт морь
II багийн малчин Х.Дэндэв, Б.Мишигдорж нар 14-15 агт морь
III багийн малчин Ш.Рэнцэн, Г.Ум нар 11-12 агт морь
IV багийн малчин Т.Содномдаржаа 33 агт морь
V багийн малчин Б.Араа, Ж.Магнай нар тус бүр 50 лан мөнгө, бүрэн гэр, 17-39 агт морь,
VI багийн малчин М.Гэрэл, Ж.Пүрэв, Д.Содном нар 19-34 агт морь
VII багийн малчин Ц.Намсрай, Т.Бат, Ө.Амиа нар 13-24 агт морь, VIII багийн малчин Ш.Намсрай 4 агт морь (унагатай гүүгээ авч хоцроод)
IX багийн малчин Ц.Мажин, Б.Батгомбо, Б.Хишигт нар 1-23 агт морь тус тус бэлэглэж байлаа. Ардууд хонь, үхрийн мах борлуулан бэлтгэж Бийск хүргэх бэлэг ачихад зориулан хамгийн сайн тэмээгээ бэлэглэж байв.
Эрчүүд зээр, зэрлэг гахай, марал буга агнахаар мордож, эмэгтэйчүүд хонины нэхийгээр малгай, дах, дэгтий, бээлий, гутал хүртэл оёж байлаа. Энэ бүгд сайн дурын хөлсгүй ажил байв.
Манхан сумаас цугларсан бэлгийг хүргэх 108 хүнтэй том цувааг ахлах үүргийг 18 настай эвлэлийн үүрийн дарга надад оногдууллаа.
Энэ даалгаврыг аймгийн яамны төлөөлөгч н.Батдэлгэр, сумын удирдлага Н.Дорж, Г.Чойжинжав, Б.Балжаа нар надад өгөхөд баярлан хүлээн авч байв.
Багуудад зар тараан явж 1200 орчим тэмээ цуглуулан 20-30 хоногт бөхийг хөдлөхгүй болтол сойн уяад хом шат, бурантаг, буйл бүгдийг бэлтгүүлэн, нэг тэмээнд 200 кг ачаа тааруулав. Жингийн цуваанд 107 хүн багтаж 170 хоног хэрэглэх мах, борц, гурил, цай, давс, тос, гутал хувцсаа нэг бүрчлэн базаав.

1942 оны 9 дүгээр сарын 17-нд алсын замд гарлаа...

Манай жингийн багт тухайн үеийн алдартай сайн жинчин ахмад настан Н.Тэгшжаргал, Б.Гончиг, О.Намжил, идэр залуу Ц.Рагчаа, Д.Намгар, Х.Навган, Б.Цэнд, Т.Эрчулуун, Б.Шийнэн, Н.Даваа, Х.Намрал, Сархиа, ангууч Гэлэг, Ө.Сэнгээ, М.Лхаван, Д.Лхасран, Ш.Тая, Х.Лувсан, Х.Цэрэндорж, Ө.Лангуу нарын хүмүүсээс байв. Хамгийн бага нь 16-18 настай Луузан, Лхамсүрэн, Базар бид нар байлаа. Намайг Зөвлөлтийн улаан армид бэлэг хүргэх жингийн цувааны ахлагчаар томилсон гол учир нь албан хаагч байсанд байгаа юм. Би сумын эвлэлийн үүрийн даргын зэрэгцээ Пионерийн удирдагч, Артелийн шалган байцаах комиссын дарга, Фронтод туслах комиссын нарийн бичгийн дарга, Мал ноослох аргыг заах эвлэлийн гишүүдийн ахлагч зэрэг их л олон ажилтай том амьтан давхиж явсан юм.  
Жингийн ахлагчийн хувьд би хос тэмээн унаатай нэг тэмээндээ сумын хоршооны худалдагч өвгөн Данзангаас худалдаж авсан жижиг богц ганзагалаад Бийск хотын зүг гарч өглөө. Бүх тэмээндээ бүгдэд нь Улаан армид хүргэх бэлгийн зүйлсийг ачсан юм.
Намар тэмээд тарга хүч сайн авсан учир удаан явж байлаа. Цуваа нарийн дэг журамтай явна, өдөрт 20-30 км зам туулан, өвс устай газар тааруулан бууж тэмээндээ хивлэг авахуулан хоноод өглөө үүрийн жингийн цагаан од гармагц босоцгоон цайгаа уугаад тэмээдээ босгож, шээлгэн биеийг нь хөнгөлөөд ачаалан сүүлчийн тэмээндээ хонх зүүгээд хөдөлнө. Тэрхүү таван цэнгийн дуутай төмөр хонх одоо ч хадгалагдаж байна.  



Тэр жил зуд болж эрт цас унан Цагаан нуураас эхлэн бараг өдөр бүр цасан шамарга шуурга тавьж хүн малын толгой цасанд дарагдан цагаарч зам дээр халтирч унасан тэмээний ачааг хэд дахин ачих зэргээр саад бэрхшээл их л тохиолдож заримдаа замаасаа буцмаарч санагдавч бид урагшилсаар л байв.
Бие биенээ зоригжуулан заримдаа “Гитлерийн фашизм сөнөтүгэй” гэж хашгиралдан хүч тэнхээ орж, “Идэр жинчин”, “Сийлэн бор”, “Баян монгол” зэрэг дууг дуулалдан орос хүүхнүүдтэй наргиж тоглож явлаа. Бидний замын хамгийн хэцүү хэсэг нь ЗХУ-ын Уулын Алтай улсын нутаг Чуйн хөндийг туулж, Катун голыг гаталж, Чекет-Аманы даваа давах байв.
Явсаар бид ЗХУ-ын нутагт ороход өвөл болж цас мөсөнд бүрхэгдсэн тул халтиргаатай газар тэмээд гулсаж халтираад хэцүү боллоо.

Бид тэмээндээ “гутал” оёж тавхайг нь хонины нэхий, эсгий даавуугаар боож, брезент, арьсаар углааш хийж өмсгөж явав

Цуваа хөдөлж чадахгүй үед тэмээний тавхай дор дах, хүрмээс эхлүүлэн модны мөчир, банз тавьж хөдөлгөнө. Катун голын Усть-Селийн дүүжин гүүрийг гатлахад үнэхээр хүнд байлаа. Тэмээ гулсаад явахгүй. Бид өглөө хар үүрээр хөдөлж өдөржин яваад орой харанхуй болсон хойно түүдэг асааж буудаллана.
Замын тосгон суурингийн хүмүүс бидэнд тусалж ачаа бараа буулгах, тэмээ халтирч гулсахад дэмжиж гаргах, тэр их хүйтнийг тоохгүйгээр мөсөн дээр пальтогоо тайлан дэвсэж тэмээг нэг нэгээр хөтлөн гаргалцаж, жинчдэд хоол хүнс бэлтгэж өгөх, тэмээнд модны мөчир тайрч тэжээл болгож өгөх, цасанд норсон хувцас, дах дэгтийг хатааж өгөх зэргээр ямагт тусалж байлаа.
Тэд биднийг гэртээ урин байцаа, вандуй аль байдгаараа дайлна. Бид хариуд нь тарианы гурил, борц, ааруулаасаа жаахан өгнө. Тэд жингийн цувааг 5, 10 км даган явна.
Тэсгэм өвлийн хүйтэн голын мөсөн дээр цоохор даавуу даашинзтай орос эмэгтэйчүүд бидэнд тусалж байсныг бодоход үнэхээр гайхалтай. Орос хүмүүс ингэж бидэнд тусалсан юм шүү. Ийм олон явдал жинчдийн сэтгэл зүрхэнд үүрд хоногшсон юм.
Тэр үед зөвлөлтийн эрчүүд бараг бүгд фронтод тулалдахаар явсан тул хүүхэд, эмэгтэйчүүд үлдсэн боловч бидэнд үнэхээр их тусалж байв. Ингэж л цуваа явахгүй саатсан үед тосгоны эмэгтэйчүүд гарч ирээд гадуур хувцсаа тайлан хаяад хөр цасан дунд ханцуй шамлан бидэнд тусалж урам зоригийг сэргээдэг байлаа.
Хоног таарсан тосгодод оройд заавал бидэнд зориулан бүжиг танц зохион бүжиглэж хуурдана, ганц нэг шил архи дарс гаргана.
Жинчид бидний замд Хөшөө мод, Алуушаа, Онгудаа, Шавилан, Маймаа, Найна, Бийск хотод амрах тусгай байр бэлтгэн бүжиг танц, дуу хууранд урихад жинчид зузаан нэхий дээлээ эргүүлж нөмөрсөн дахтайгаа ороход эмэгтэйчүүд “баавгай ирлээ” хэмээн алга нижигнүүлэн угтаж ядарч зүдэрснийг маань арилгаж сэргээдэг байлаа.
Чуйн хавцлын битүү цасан хучлагатай зарим газар хоноглохдоо майхнаа татаж гудсаа дэвсээд унтахад өглөө гудасны ормоор цас хайлсан байдаг сан, залуу насаа гэж.
12 дугаар сард юмсан эхний тэмээний хоргол сүүлийн тэмээний толгой дээр унадаг Чекет -Аманы даваа өөд 8 дугаар багийн жинчид бид 2 метр зузаан цастай 400 орчим метр газрыг 2 хоног малтан арайхийн туулаад байтал араас жингийн цуваа гүйцэн ирлээ.
Цааш нь Зөвлөлтийн тосгоны 40 орчим хүүхэд, 20 гаруй эмэгтэйчүүдтэй хамтран дахин цас малтан урагшилж байтал ахмад настан н.Тэгшжаргал гуай ядран ухаан алдаж унахад бид сандралдан яах учраа олохгүй байтал Тамара гэдэг эмэгтэй хөхнийхөө сүүг саан аяга дүүргээд өгч тусалж байв. Тэр 400 метр замд бид хамтран 10 метр өндөртэй цасан хашлага босгож байж ачаатай тэмээдээ давуулж билээ.
Бид шуудай шуудайгаар хусны мөчир бэлтгэн авч орой бүр тэмээндээ нэг нэгийг нэмэгдэл тэжээл болгон өгч явсан. Явсаар Бийск хотод дүн өвлөөр ирж үнэт ачаа бэлгийн зүйлээ буулгацгаав.
Бийскийн бараа баазад урал ЗИС-5 машинууд дугаарлан зогсож цэргийн дарга нар угтан ачаатай тэмээг хэвтүүлэлгүйгээр машинтай зэрэгцүүлж байгаад хоёр хоногт багтаан бэлгийн ачааг хүлээн авсан юм. Албаны хүмүүс бидний бэлгийг тун удахгүй улаан армид хүргэх болно гэж байлаа.
Жинчин хүн тэмээгээ 3 хоног амраагаад буцах боллоо. Би ч яахав жингийн даамал хүн томоотой. Миний нас чацуу Луузан, Лхамсүрэн нар олон танилтай болсныг би мэднэ. Гэхдээ тэр хугацаанд залуу миний бие Валя гэдэг бүсгүйтэй танилцлаа. Бид хэл нэвтрэлцэхгүй ч ойлголцож л явлаа. Дараа нь энх цагт нэг биш удаа Бийскээр дайран явахдаа тэдэнтэйгээ таарсангүй. Оросууд овог хэрэглэдгийг мэдэхгүйгээс дахин уулзаж чадаагүй юм даа.
Биднийг буцахад хэдийгээр дайны хүнд үе байсан боловч оросууд манай цуваанд будаа, гурил, элсэн чихэр, ёотон, цай, даалимба ачуулан буцаав. Фронтод бэлэг хүргэх хүнд хэцүү аяллын үеэр миний мэдэж авсан бас нэгэн зүйл бол монгол мал тэр дундаа тэмээний тэсвэр тэвчээр, хүч чадал асар их байлаа.
Алдарт хэцүү Чекет -Аманы даваа давахад зарим тэмээндээ 2-5 тэмээний ачаа ачин зүтгүүлж байлаа. Тэмээнээсээ хэд дахин том ачаа дайвалзан мөн ч сүртэй аймаар харагдана. Нэг ч ачаа орхих эрх бидэнд байгаагүй.
Өвлийн хүйтэн шөнө тэмээд 4-10 ширхэг 20 см бургасны мөчир хэвж хоноод маргааш нь хүч чадал сэлбэгдэн босож ирнэ. Хивлэг алдсан тэмээнд 8-10, өлдөөгүй тэмээнд 4 ширхэг бэлтгэсэн бургас өгнө.

Монгол хүн, мал хоёр хаа ч явсан элэг нэгтэй байдгийг бид мэдсэн...  

Замд бэртэж гэмтсэн эсвэл эцэж туйлдсан тэмээгээ орхиод явах үнэхээр хэцүү. Орхиод явахад тэмээ нулимс асгаруулан буйлна. Жинчид цурхиртал уйлалдан эргэж харцгаана. Орхисон тэмээний ачааг хамгийн сайн тэмээндээ нэмэн ачна.
Хамгийн чадал сайтай тэмээд гэвэл манай сумын Ядамсүрэнгийн бор, Пунцагийн хөх, Лувсангийн бэц улаан, Баатарын цайвар, Цог-Очирын хөх, Балсангийн шар, Гончигийн улаан, Нойровын далиу хүрэн, Содномын мэлтгэр хүрэн, Жамбын аяс хүрэн, Батын шар атнууд байлаа.
Ялангуяа ямар ч хол жинд явсан ч улдах гэж мэдэхгүй, бөх нь ширээ ирдэг Зэрэг гол багийн Жамбын аяс хүрэн атыг мэдэхгүй орос, монгол хүн Чуйн замд байгаагүй.
Намар жинчид  Жамбаас хүрэн атыг нь гуйж авч явна, тэд Жамбын хүрэн ат уулын өндөрт түшиг болно, эзгүй газар эр хүнд сүр болно, аяс хүрэнтэй явахад муу хүн, чоно хоёр ч халдаж чадахгүй, аяс хүрэнг авч явахгүй бол ачаа бараагаа бүрэн хүргэж чадахгүй гэж ярилцдаг сан.
Мэлтгэр нүдтэй аяс хүрэн гэдэг энэ цуутай атнаас 20 кг ноос гардаг байлаа. Тэдгээр атнууд бүхий л замын туршид 300-500 кг ачаа тээж байв.
Бид Найна гэдэг тосгоны ойролцоо нэгэн айлд Жамбын өөр нэгэн шар атны тавхай нь салбараад явж чадахгүй болсон тул захиж орхиод явлаа. Биднийг бараг хоёр сарын дараа буцаж ирэхэд хөөрхий тэр тэмээ яг л орхисон газарт хүлээж байснаар барахгүй жингийн анир авсан уу яасан урдаас маань 5 км газар тосон догонцон очиж бүх тэмээ, жинчдийг үнэрлэн нулимс бөмбөрүүлэхэд жинчид бүгдээр өрөвдөн амраг хань, ахан дүүстэйгээ уулзсан мэт болж тэмээг минь харж байсан орос нөхөртөө бэлэг өгч билээ. Монгол  хүн, монгол мал хоёр хаа ч явсан элэг нэгтэй байдгийг бид тэр үед ингэж мэдсэн юм.
Биднийг нутагтаа буцан иртэл тэр тэмээ жингийн гол дундаас ганц ч удаа гараагүй юм. Зам зуур бүх тэмээд ганцхан нутгийнхаа зүг харан харан хэвтсэн байдагсан.
1943 оны 5 дугаар сарын 5-нд бид Манхан суманд буцаж ирсэн юм. Ингэж бид ирэх очихын 2700 гаруй км замыг тэмээн жингээр 230 орчим хоногийн турш  туулан даалгавраа биелүүлэн Оросын ард түмэнд фронтод хүргэх бэлгийн цуваа хүргэх ажлаа дуусгасан.
Урт замд бид гутал, хувцсаа тайлалгүй, гар нүүрээ ч угаалгүй явсан юм. Энэ явдлаас хойш 57 жил өнгөрсөн боловч бүх зүйл миний санаанд өчигдөр мэт л тодхон байна. 
2005 оны хавар өвгөн дайчин миний бие Ховд аймгийн төлөөлөгчдийн хамт ОХУ-ын Алтайн хязгаарын Барнаул, Бийск хотод хүрч Оросын ард түмний аугаа их ялалтын 60 жилийн ойн баярт оролцох завшаан тохиосон юм. 1942 оны өвөл 10 хоног явж арайхийн давж байсан Чекет-Аманы давааг бид 2 цагт туулан гарлаа. Тэнд тавьсан засмал зам үнэхээр гайхалтай юм. Хилийн захын хот тосгодоос эхлүүлэн замын туршид дайнд оролцсон ахмад дайчин эрэлхэг хөвгүүд, охидын дурсгалд зориулсан самбаруудыг өлгөн байрлуулсныг хараад, энгэртээ одон тэмдгээ гялалзуулсан ахмад хүмүүс хүндэтгэн хайрлаж байхыг үзээд дайны хүнд өдрүүдийг ямар их тэвчээр, сэтгэлийн тэнхээгээр туулж байсныг  нүдээр үзсэн хүний хувьд би үнэхээр баярлаж байлаа. 5 дугаар сарын 6-ны өдөр Барнаул хотын В.М.Шукшины нэрэмжит драмын театрт болсон ялалтын баярын  хурал дээр надаар үг хэлүүллээ.
Фронтод бэлэг хүргэж ирсэн Монголын цувааны ахлагч Б.Лувсан гэж зарлаж байна. Миний хэлсэн үгийг орос хэлний багш Д.Нямаа гэдэг бүсгүй орчууллаа.
Хуралд оролцогсод баярлаж хөөрөөд алга ташин хашгиралдаад бэрх юмаа. Хэлсэн үг маань тэдэнд таалагдсан бололтой. Хурал дээр бид Бийск хүрсэн жингийн цувааныхаа гэрэл зургийг дурсгал болгон өгсөн юм.
Хурлын дараа 1000 хүн оролцсон хүлээн авалт болж хамгийн том дарга нь манай ширээнд ирээд баяр хүргэж надтай зураг авахуулж байна. Дараа нь 5 дугаар сарын 8-нд бид Бийск хотод ирж ялалтын баярт оролцохдоо их л хүндэтгэл хүлээж Тамара, Валя нараа асуусан боловч таних хүн таарсангүй.
Ингэж өвгөн дайчин би Ховд нутгийнхаа түүний дотор төрөлх Манхан сумынхаа ард түмний бэлгийг дайтаж буй Зөвлөлтийн армид хүргэх цувааг ахлан хэцүү боловч дурдатгалтай мөнхийн үл мартагдах үүрэг гүйцэтгэсэн билээ хэмээн тэрээр дурсжээ. 

Б.Лувсангийн товч намтар...



Б.Лувсан 1923 онд Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол багийн нутаг “Авхай” хэмээх газар Борондонгийн ууган хүү болон мэндэлжээ. Тэрээр 12 наснаас ээж, өнчин хоцорсон дүү нараа тэжээхийн тулд аргал түүж, тариа тарьж малаар арилжин амьдарч эхэлжээ.
1938 он, 15 настайдаа Манхан сумын ХЗЭ-ийн үүрийн даргаар ажиллаж, 1941 онд шинэ бичигт сургах 45 хоногийн дамжаанд суралцан шинэ үсэг заах соёлын довтолгооны багш болжээ.
1943 он, 20 настайдаа цэрэгт мордон амины /хувийн/ мориор Ховд аймгийн  Булган суманд хүрч 5 жил цэргийн алба хааж, Байтаг богдын тулалдаанд 3 удаа оролцсон. Энэ үеэр генерал Доржийн тушаалыг биелүүлэн яаралтай бичгийг 14 өртөө газар мориор туулан 1 цагийн өмнө хүргэн өгч гавьяа байгуулжээ.
1944 оноос сумын багийн агентаар ажиллаж байгаад 1955-1998 оны хооронд Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэл, Булган сумын Минжит Булган хоршооллын даргаар ажиллажээ.
ХАА-н нэгдлийг хөгжүүлэн бэхжүүлэхэд оруулсан түүний хувь нэмрийг үнэлэн Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон болон Сүхбаатарын одонгоор 3 удаа шагнаж ,1972 онд БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цол олгожээ.
Тэрээр АИХ-ын депутатаар 5 удаа, МАХН-ын Төв хорооны гишүүнээр удаа дараа сонгогдон ажиллаж байлаа. 1983 онд өндөр насны тэтгэвэрт гарснаас хойш төрсөн нутагтаа мод үржүүлж 1 сая 500 мянган улиас, бургас, 15 мянган жимсний мод тарьж ургуулжээ.
Тэрээр 60 жил төрийн алба хаасны 47 жилийг сум нэгдлийн даргаар ажиллаж амьд ахуйдаа домог болон мөнхөрчээ. Тэр 2015 онд хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. 


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ