Мерси Кор олон улсын байгууллагаас АНУ-ын олон улсын хөгжлийн агентлаг /USAID/-ийн харьяа Гамшигт нэрвэгдсэн гадаад орнуудад тусламж үзүүлэх газар /OFDA/ - ын санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-3" буюу /LTS-3/ төслийг Ховд, Увс, Баян-Өлгий, Сүхбаатар, Хэнтий зэрэг аймагт тус тус хэрэгжүүлж байгаа юм. LTS 3 төслийн бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд Ховд аймгийн зорилтот Эрдэнэбүрэн, Ховд суманд
"Бэлчээрийн даац тодорхойлох багц тоног төхөөрөмж"- ийг буцалтгүй тусламжаар олгож байна. Багц тоног төхөөрөмжийг Аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, ИТХ-ын Нутгийн удирдлага бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ш.Батсүх, Аймгийн ХХААГазрын дарга Б.Бямбажав, Мерси кор Монгол ОУБ-ын Ховд аймгийн зохицуулагч Б.Батсүх нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Эрдэнэбүрэн, Ховд сумын ЗДТГ-т энэ сарын 08,9-ны өдрүүдэд хүлээлгэн өглөө.
Өмнө нь бэлчээрийн даац тодорхойлох тоног төхөөрөмж байхгүйн улмаас бэлчээрийн даацын мэдээллийг үнэн зөв бодит гаргахад дутагдалтай байсан байна. Тухайлбал, Ховд аймгийн Ховд сум нь 2019 оны жилийн эцсээр 175, 738 мянган толгой мал буюу хонин толгойд шилжүүлснээр 275,837 мянган толгой мал тоолуулжээ. Тус сум нь 274,928 га бэлчээрийн талбайтай. Өнөөдрийн байдлаар бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрсэн үзүүлэлттэй байгаа юм. Тэгвэл бэлчээрийн даац тодорхойлох багц тоног төхөөрөмжтэй болсоноор бэлчээрийн менежментийн зураглал хийх, отор нүүдэлд хяналт тавих, бэлчээрийн даацыг тодорхойлох гэх мэт ажлыг цаг тухайд нь чанартай хийж гүйцэтгэх боломжтой болж байна.
Энэхүү багаж тоног төхөөрөмжийг сумын Бэлчээрийн менежментийн ажлын хэсэг буюу сумын газрын даамал, ХАА-н тасгийн мэргэжилтэн, байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагч, цаг уурын ажилтнууд хамтран дундаа эзэмшиж, бүртгэлжүүлэн зориулалтынх нь дагуу ашиглах юм.
Бэлчээрийн даац тодорхойлох энэхүү багц тоног төхөөрөмжид байршил тогтоогч, дээжний уут, зургийн аппарат, мэрэгчидтэй тэмцэх нүх ухагч, цахилгаан жин, флаш, метр, хайрцаг, бусад бичиг хэрэг дагалдах хэрэгсэл зэрэг 10 гаруй нэр төрлийн эд зүйл багтаж байгаа юм.
ВИДЕО: