Хүүхэд залуусыг шинэ төрлийн коронавирус/covid-19/-ын тархалтаас урьдчилан сэргийлэх, аймгийн Онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх, хөл хорионы үеийн нөхцөл байдлын тандалт судалгаа хийх зорилгоор аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас энэ сарын 02-ны өдөр Жаргалант суманд ээлжит Хүүхэд хамгааллын эргүүл хийлээ. Цаг агаар дулаарч байгаатай холбоотойгоор хүүхдүүд гадаа гарах нь ихэссэн боловч хүүхэд залуусын бөөгнөрөл үүсч болох 8 цэг дээр очиж ажиллахад олуулаа болон хэсэг бүлгээрээ цугларсан нь бага, харьцангуй тайван байв. Энэ нь эцэг эх, хүүхэд залуус иргэний үүргээ ухамсарлан төр засгийн бодлогыг хэрэгжүүлж байгаагийн нэг жишээ юм. Энэ үеэр Бичигт багт байрлах хүүхэд залуусын тоглоомын талбайд байсан цөөн тооны хүүхдүүдийн төлөөлөлтэй уулзаж санал хүсэлтийг нь сонсож, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.
Хүүхдүүдийн төлөөлөл: TV хичээлээ байнга хийж байгаа ч хурдан заадаг тул ойлгоогүй хичээлээ багшаасаа утсаар асууж тодруулаад ойлгож байгаа, дүү нар нь гадаа гарна гээд аав ээж, ах эгч нараа сандраадаг, ихэнх хүүхдүүд маскаа зүүхгүй кармалж явдаг тухай ярьжээ. Иймээс ГБХЗХГ-ын хүүхэд хамгааллын эргүүлийн багийн зүгээс маскаа байнга зүүж явах, олон хүн цугласан газар очиж өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлд оруулахгүй байх, хүүхдэд зориулсан олон төрлийн цахим уралдаанд идэвхитэй оролцохыг уриалж зөвлөгөө өглөө гэж аймгийн ГБХЗХГ-аас мэдээллээ.