Аймгийн ИТХ-ын ажлын албанаас санаачлан “Хог биш мод тарья” хөдөлгөөн өрнүүлж эхэллээ



Агаар орчны бохирдол, цөлжилтийг сааруулах, хотын тохижилт, хог хаягдал, ногоон байгууламжийн менежментийг сайжруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн ая тухтай орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг хангах зорилгоор Ховд аймгийн ИТХ-ын ажлын албанаас санаачлан “Хог биш мод тарья” хөдөлгөөн өрнүүлж эхэллээ. Үүнтэй холбогдуулан зохион байгуулагчдын зүгээс өнөөдөр /2020.04.02/ албан ёсны мэдээлэл хийв. "Хог биш мод тарья" хөдөлгөөний хүрээнд энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс зургаадугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хэд хэдэн ажил зохион байгуулахаар төлөвлөжээ.



Тодруулбал, Жаргалант сумын өрх бүр хашаандаа 3-5 ширхэг мод тарихыг уриалж байна. Ингэхдээ байгаль орчны салбар байгууллагуудтай хамтран модны суулгац, бордоо, мод тарих зөвлөгөө зэргийг багтаасан багц гаргаж, нэгдсэн цэгээр дамжуулан худалдах аж. Мөн албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг хүрээлэн байгаа орчиндоо шинээр мод тарих, арчлах, хамгаалах ажлыг эрчимжүүлэх чиглэл өгч, хянан ажиллана. Түүнчлэн мэргэжлийн байгууллагын ойжуулагч, цэцэрлэгжүүлэгчидтэй хамтран мод тарих, арчлах тухай зөвлөмж бэлтгэж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд түгээнэ.
Үүнээс гадна тэмдэглэлт өдрүүд, баярын үйл ажиллагаанд зориулж болон “10 мянган мод-Олон ястны угтах хаалга” төгөл, аймгийн БОАЖГ-ын харьяа цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн паркт мод тарьдаг дадлыг бий болгохыг зорьж байна. 
Тус хөдөлгөөнд аймгийн ЗДТГ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, БОАЖГ, Сум дундын Ойн анги, УЦУОШТ, ГБХЗХГ, БОЭТ-ийн Төрөх тасаг, Улсын бүртгэлийн хэлтэс, БСУГ, ЭМГ, Жаргалант сумын ИТХ, ЗДТГ зэрэг  байгууллагууд хамтран оролцох юм.  

ВИДЕО:




  

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ