Тодруулга: “Үйлдвэрлэгч Ховд” аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар...



Ховд аймгийн хэмжээнд 2300 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэн бий. Тэгвэл орон нутагт өрхийн болон жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хэрэгжиж буй томоохон хөтөлбөрүүдийн нэг бол  “Үйлдвэрлэгч Ховд” аймгийн дэд хөтөлбөр юм. Тус хөтөлбөрийн хүрээнд 2019 онд хийсэн ажлын үр дүн, 2020 оны онцлох ажил, цаашдын зорилго, зорилтын тухай Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Д.Эрдэнэдоржоос тодрууллаа.
Уг хөтөлбөрийн хүрээнд орон нутагтаа жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, тогтвортой үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийг дэмжих зорилгоор хуучнаар “Мянган угалзат” зочид буудлын байрыг бүрэн засварлаж, “Шинэ Ховд бизнес инкубатор төв” байгуулсан. Одоогоор  7 аж ахуйн нэгж  тус бүр өөр өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн ажиллаж буй. Мөн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулан хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах ажлыг орон даяар нэгэн зэрэг зохион байгуулсан. Энэ ажлын хүрээнд 1,0 тэрбум төгрөгийн санхүүжилтэд багтаан  ХХААХҮ-ийн Сайдын баталсан журмын дагуу иргэн, аж ахуйн нэгжийн 58 төслийг битүүмжлэн хүлээн авч, аймгийн Засаг даргын А/138 тоот захирамжаар байгуулагдсан дэд хороогоор ил тод, нээлттэй хэлэлцүүлэх замаар шаардлага хангасан төслүүдийг сонгож, гэрээ хийсэн банкуудаар дамжуулан  21 төсөлд 874.5 сая төгрөгийн зээл,  "Үйлдвэрлэгч-Ховд" аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд 13 иргэн, аж ахуйн нэгжид 403,0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосноор 110 гаруй ажлын байр хадгалагдаж, шинээр 175 ажлын байр бий болжээ.
2020 онд "Шинэ хөдөө" төслийн хүрээнд Дарви,  Дөргөн, Чандмань, Зэрэг, Цэцэг суманд тус бүр 100.0 сая төгрөгийн санхүүжилт бүхий төсөл хэрэгжүүлнэ. Төсөл хэрэгжснээр эдгээр сумдад түүхий эд бэлтгэн нийлүүлэх хоршоо байгуулах боломж бүрдэх юм.  

ВИДЕО:


  








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ