Монгол Улсад шинэ коронавирус (COVID-19)-ийн анхны тохиодол бүртгэгдсэнтэй холбоотойгоор Улсын Онцгой комисс болон аймгийн Онцгой комиссын шийдвэрээр хот хооронд болон орон нутгийн замын хөдөлгөөнийг энэ сарын 16 хүртэл хязгаарласан. Аймгийн хэмжээнд 24 хяналтын цэгт, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар зэрэг мэргэжлийн анги байгууллагын 154 алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.
Жаргалант сумын хяналтын постуудын үйл ажиллагаа, пост дээр гарч байгаа алба хаагчдын орчин нөхцөлтэй танилцах үүднээс аймгийн ИТХ, түүний ажлын албанаас 2 ажлын хэсэг гарч постууд дээр ажиллалаа. Тухайлбал, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандиар ахлуулсан ажлын хэсэг "Бичигтийн пост", "Нисэхийн пост", аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг "Хатуу хөтлийн пост", "Улаан богочийн пост" дээр үүрэг гүйцэтгэж буй алба хаагчидтай уулзаж, талархал илэрхийлэн, халуун хоол цайгаар үйлчиллээ.
Үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын хувьд зориулалтын постын байргүй учраас хоноход хүндрэлтэй байгааг хэлж байлаа. Мөн гар ариутгагч, халдвар хамгааллын хувцас дутагдаж буйг хэлж байсан юм. Иймээс ажлын хэсэг нөхцөл байдлын талаарх дүн мэдээг аймгийн Онцгой комисст танилцуулж, уламжлахаар боллоо.
Шийдвэр гарсан өдрөөс хойш өнөөдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 12-ны 11:00 цагийн байдлаар хяналтын цэгүүдээр 465 тээврийн хэрэгсэл, 1181 хүн нэвтэрчээ. Иргэд постод үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын үйл ажиллагаанд ямар нэгэн хүндрэл учруулахгүй, төр, засгийн шийдвэрийг биелүүлж байгаад алба хаагчид талархалтай байлаа.
ВИДЕО: