Томуу, томуу төст өвчний талаар Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас тодруулав. Энэ сарын 02-08-ны өдөр буюу 7 хоногийн нэгдсэн мэдээгээр Ховд аймгийн хэмжээнд амбулаториор 6925 хүн үйлчлүүлсэн. Үүний 300 тохиолдол нь томуу, томуу төст өвчин гэж оношлогджээ. Үүнээс 54 иргэн амьсгалын замын хүнд халдвараар өвчилсөн байна. Түргэн тусламжийн 188 дуудлага ирсэн. Үүний 26 нь томуу, томуу төст өвчний дуудлага байсан аж.
Амбулаторийн нийт үзлэгийн 4.3 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Энэ нь өмнөх долоо хоногоос 4.2 хувь, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.9 хувиар буурсан үзүүлэлт гэж албаны эх сурвалж онцоллоо. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 78.3 хувийг 0-15 насныхан эзэлж байгаа. Үүнээс 83.8 хувь нь 4 хүртэл насны хүүхэд байна.