Шинэ төрлийн коронавирусний халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар \ГБХЗХГ\-аас хэд хэдэн ажлыг санаачлан зохион байгуулж байна. Ховд аймгийн ГБХЗХГ-ын мэдээллийн санд бүртгэлтэй, эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа 680 гаруй хүүхэд бий. Тэдний төлөөлөл болох хөгжлийн бэрхшээлтэй, хараа хяналтгүй, хөдөлмөр эрхэлдэг, асрамж халамжийн төвд амьдарч байгаа 400 хүүхдэд дархлаа дэмжих аарц, витамин, амны хаалт олгож, шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл хүргэсэн байна.
Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдийн хэрэгцээг тодорхойлох түргэвчилсэн үнэлгээ хийжээ
Ховд аймгийн ГБХЗХГ-ын мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдийн хэрэгцээг тодорхойлох түргэвчилсэн үнэлгээг 17 сумын 90 өрхөд хийсэн байна. Үнэлгээнд үндэслэн 4 сумын 6 өрхийн 19 хүүхдэд улирлын хувцас, нэмэлт хоол, хүнсний тусламж үзүүлжээ. Улмаар зарим айл өрхийн хүүхдүүдийг харьяа өрхийн эмнэлэгт холбон зуучилж ажилласан байна.
Мөн бага насны хүүхдийг харгалзах хүнгүй гэрт үлдээх, болзошгүй осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг бэлтгэж, томоохон үйлчилгээний газруудад байршуулсан ба иргэдэд амны хаалт тараажээ. Тус байгууллага хүүхдийн эрх зөрчигдсөн болон гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 18 өргөдөл гомдлыг хүлээн авч, хариу үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа гэмт хэрэгт холбогдсон болон хохирогч хүүхдийн эрхийг хамгаалах, хамтарсан багийг арга зүйгээр хангах ажлыг хөдөөгийн хоёр суманд зохион байгуулжээ. Мөн аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 1/314 тоот захирамжийн дагуу бага насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдын ажлын цагийн зохицуулалт хийх зөвлөмжийг 17 сум, аймгийн төвийн 75 аж ахуйн нэгж, албан байгууллагад хүргүүлж, гэрээсээ ажиллах боломж бүрдүүллээ. Салхи шуурга, цастай үед хүүхдээр мал хариулуулахгүй байх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх албан бичиг, аймгийн Эрүүл мэндийн газрын бэлтгэсэн шинэ төрлийн коронавирусний халдвараас сэргийлэх зөвлөмж номыг сумдын хамтарсан баг, ерөнхий боловсролын сургуулийн багш нараар дамжуулан хүүхдүүдэд хүргэсэн гэж аймгийн ГБХЗХГ-аас мэдээллээ.