Малчны хотонд төлийн дуу цангинаж, хөдөө нутагт мал төллөх их ажил эхэлж байна. Мянгад сумын Баянхошуу багийн малчин Х.Ренчинпүрэвийнх сар шинийн өмнөхөн энэ жилийн анхны төлөө хүлээн авчээ. Энэ жил аймгийн Аварга малчин болсон тэрбээр аав ээжийнхээ мал маллах арга ухааныг өвлөж 20 гаруй жил мал маллаж яваа хашир туршлагатай малчдын нэг ээ.
Сүүлийн хэдэн жил цас, зудтай хүндхэн байсан учраас төл авахаасаа илүү малаа зарж борлуулан эдийн засгийн эргэлтэд оруулах, үүлдэр угсааг нь сайжруулж, чанаржуулахад анхаарчээ. Зун, намартаа отор нүүдэл хийж малдаа тарга, тэвээрэг сайн авхуулахын зэрэгцээ, өвс хадлангаа сайтар бэлтгэн нөөцөлжээ. Үүний хүчинд энэ хавар ядарч, зутрахгүй овоо хэдэн төл хүлээн авна. Бог бод нийлсэн 400 гаруй эх мал төллөхөөр бэлтгэлээ базаасан хэмээн малчин Х.Ренчинпүрэв ярьлаа.
Малчин Х.Ренчинпүрэвийнх 3 хүүхэдтэй. Байгаль цаг агаарын хүнд бэрх нөхцөлд мал маллана гэдэг амаргүй учраас бага хүүгээ малчин болгожээ. Аавынхаа мал маллах арга туршлагыг өвлөж, малчин болохоор сэтгэл шулуудсан Р.Төгс-эрдэнэ хүү 17 настай. 4-р ангиасаа сургуулиас гарч түүнээс хойш 7 жил тасралтгүй мал маллаж байгаа тэрбээр олон малтай болох гэхээсээ илүү ашиг шимийг нь түлхүү хардаг байна.
ВИДЕО: