Ховд аймгийн Онцгой комисс хоёрдугаар сарын 14-ний өдөр хуралдлаа. Орон нутагт шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг мэргэжлийн байгууллагууд эрчимтэй хэрэгжүүлж буй. Энэ удаагийн хурлын үеэр хоёрдугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий хотод шинэ төрлийн коронавирусний халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн ч шинжилгээний хариу сөрөг гарсан болохыг онцлон мэдээллээ. Ховд аймгийн Онцгой комиссын даргын тушаалаар мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнийг 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 10:00 цагаас эхлэн албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Цаашид ч мөн өндөржүүлсэн бэлэн байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс хамгаалах ажлыг үе шаттай зохион байгуулна гэж албаныхан онцоллоо.
Түүнчлэн шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх нэг арга бол амны хаалт тогтмол хэрэглэх. Тиймээс орон нутгийн оёдлын үйлдвэр, цехүүдийг түшиглэн амны хаалт үйлдвэрлэж эхэлсэн. Цаашид хот хоорондын зорчигч тээврийн хэрэгсэл \автобус\ зорчигчдоо буулгаж, ачаа тээшээ бүрэн тараасны дараа ариутган халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулах, Хөшөөтийн уурхайн нүүрс тээвэрлэлтийг зогсоосон учраас жолооч нарын одоогийн хаяг, байршлын судалгааг нарийвчлан гаргах, эмнэлгийн хэрэгсэл, хамгаалалтын хувцасны нөөц бүрдүүлэхэд анхаарах зэрэг хэд хэдэн саналыг энэ удаагийн хурлаар уламжилж, зохих шийдвэрүүдийг гаргасан юм.
ВИДЕО: