Энэ оны нэгдүгээр сарын 27-ноос хоёрдугаар сарын 2-ны өдөр буюу 7 хоногийн нэгдсэн мэдээгээр аймгийн хэмжээнд амбулаториор 6853 иргэн үйлчлүүлсэн. Үүний 1261 нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогджээ. Үүнээс 129 тохиолдол нь амьсгалын замын хүнд халдвараар өвчилсөн байна. Одоогийн байдлаар амбулаторийн нийт үзлэгийн 18.4 хувийг томуугийн өвчлөл эзэлж байгаа бөгөөд өмнөх долоо хоногоос 6.4 хувь, өмнөх оны мөн үеэс 7.8 хувь өссөн үзүүлэлт юм. Мөн түргэн тусламжийн 306 дуудлагын ирсэнээс 108 дуудлага нь томуу, томуу төст өвчний дуудлага байжээ. Ийнхүү нийт дуудлагын 35.2 хувийг томуу, томуу төст өвчний дуудлага эзэлж байна.
Аймгийн БОЭТ-д 371 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 63 нь уушигний хатгаатай гэж оношлогдсон. Нийт томуугаар өвчилсөн 1261 иргэний 913 нь 0-15 насны хүүхэд байна. Энэ нь нийт өвчлөгсдийн 70 гаруй хувийг эзэлж буй. Мөн сүүлийн үед насанд хүрэгчдийн дунд томуугийн өвчлөл нэмэгдэж байгаа талаар мэргэжилтнүүд ярьж байна. Өөрөөр хэлбэл, энэ долоо хоногт 348 насанд хүрэгч иргэн томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогдсон. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад томуугаар өвчлөгсдийн дунд насанд хүрэгчдийн эзлэх хувь 53 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж.
ВИДЕО: