ТББХ-ны дарга С.БЯМБАЦОГТ Ерөнхийлөгчөөс зарлиг буулгахыг хүслээ



Өнөөдөр Монгол Улсын их хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт монголын ард түмэнд хандан Монгол Улсын Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх тухай зарлиг буулгахыг хүссэн албан бичиг явуулсан байна.

Тус албан бичигт “Монгол улсын Үндсэн хууль бол улсын маань тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөө, эв нэгдлийн баталгаа билээ...” гээд “Эрх зүйт төр ёсны суурь нь Үндсэн хууль хэмээсэн мэргэдийн үг бий. Тиймээс ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны эх сурвалж болсон Монгол Улсын Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх нь монголчууд бидний хувьд гүн бахархалтай хэрэг хэмээн бодож байна.  
Төр ёсны их түүхтэй, төрийн сүлдэндээ сүсэлдэг уламжлалтай Монголынхоо ард түмнийг Үндсэн хуулиа өргөө гэрийнхээ хойморт хүндэтгэн залж, зүйл заалт бүрийг нь мэдэж ухамсарлахыг уриалан үлгэрлэх нь Монгол төрийн үүрэг гэдэгт итгэж байна.
Иймд Ерөнхийлөгч Танаас төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд Монгол Улсын Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх заалтын 3, Монгол Улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1,12 дугаар зүйлийн 12 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулиа даяар олноо эрхэмлэн дээдлэх тухай зарлиг буулгахыг хичээнгүйлэн хүсье” гэжээ.

Дашрамд дурдахад өнгөрөгч 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр үндэсний зөвшилцөл ойлголцлын үндсэн дээр Монгол Улсын Их Хурлаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталж эрх зүйн томоохон шинэчлэлийг хийсэн юм.

Улмаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эхийг Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга анхдугаар Үндсэн хууль батлагдсан 95 жилийн түүхт ой буюу 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ёсчилсон билээ. 




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ