Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч Ш.Сүхтулга:Залилах төрлийн гэмт хэрэг 3,2 дахин өссөн



-Монгол Улсын хэмжээнд Залилах гэмт хэрэг жил ирэх тусам өсч, иргэд хохирсоор байна. Цаашид ч өсөх хандлагатай байгаа тул Мөрдөн байцаах алба, Монгол банк, Банкуудын холбоо хамтран залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор  улсын хэмжээнд “ятгах тусам нягтал” аяныг зохион байгуулж, гэмт хэргийн талаар  ард иргэдэд мэдээлэл хүргэх, Залилах төрлийн гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээтэй холбоотойгоор Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч Ш.Сүхтулгатай ярилцлаа. 

-Улсын хэмжээнд залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “ятгах тусам нягтал” аян зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан энэ төрлийн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар ярилцлагаа эхэлье.

-Залилах гэмт хэрэг нь улсын хэмжээнд 2011 онд 688 гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол 2019 онд 4600 гэмт хэрэг бүртгэгдэж 7 дахин өссөн, 1 гэмт хэргийн цаана 1 биш нэлээд хэдэн хохирогч байдаг тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирогчийн тоо хэдэн зуун мянга, хохирлын хэмжээ хэдэн арван тэрбумаар тооцогдож байна. 
Ховд аймгийн хэмжээнд залилах төрлийн гэмт хэрэг сүүлийн 3 жилийн байдлаар 2017 онд 6, 2018 онд 16, 2019 онд 52 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 3,2 дахин өссөн. Хохирогч, хохирлын хэмжээ ч хэдэн зуугаар, хэдэн зуун саяаар тооцогдож байна. 

-Залилах гэмт хэрэг үйлдэгддэг арга хэлбэр, онцлогийн талаар ярина уу?  

-Залилах гэмт хэрэг маш олон үйдлийн аргаар үйлдэгддэг. Тухайлбал: 
• Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг “худалдах, худалдан авах”, түрээслэх, түрээслүүлэх”, “арилжих”, “барьцаалах”, иргэд хоорондоо хүүтэй мөнгө зээлэх зэрэг иргэний хуульд заасан гэрээний харилцааны явцад, 
• Гадаад улсын виз гаргаж өгнө,
• Иргэдийн имэйл, фейсбүүк хаягт хууль бусаар нэвтрэн тэдний нэрээр ойр дотны найз, нөхөд, ах, дүү нараас мөнгөний тусламж үзүүлээч гэх байдлаар, 
• Иргэдээс гар утас худалдаж авна, утсаар чинь яриад өгье гэх байдлаар, 
• Хуурамч баримт бичиг ашиглан,  
• Ажил, сургууль, цэцэрлэгт оруулж өгнө, диплом гаргаж өгнө, 
• Төсөл, хөтөлбөр, зээлэнд хамрагдах болзол хангаж байна, урьдчилгаа байршуулна уу гэх байдлаар,  
• Олон шатлалт маркетинг, прамид тогтолцооны арга ашигласан буюу сүлжээний гэх тодотголтойгоор гэх мэт олон арга хэлбэрээр үйлдэгдэж байна. Ялангуяа сүлжээний гэх тодотголтой хэргийн хохирлын мөнгөний урсгал гадагшаа чиглэж байна. 
Энэ гэмт хэргийн онцлог нь хохирогч хохирсноо мэддэггүй, нотириатаар байгуулсан гэрээ хэлцэлдээ найддаг, залилагч этгээдийн хувьд урьдын харилцааны явцад бий болсон нэр хүнд, нөхцөл байдлыг ашигладаг тул энэ хүн миний эд хөрөнгө, мөнгө төгрөгийг хэлсэн хугацаандаа буцаагаад өгчих байх, урьд нь итгэлтэй хүн байсан гэж хүлээдэг, хэсэг хугацааны дараа залилуулснаа мэдээд цагдаагийн байгууллагад хандахад залилагчид шилжүүлэн өгсөн эд хөрөнгө, мөнгө ч үгүй, залилагч этгээд ч үгүй болж, хөрөнгө мөнгийг нь шилжүүлэн аваад оргон зайлсан байдаг. Залилан мэхлэх гэмт хэргийг анхнаасаа төлөвлөж, таны хэрэгцээ шаардлагыг судласны үндсэн дээр бизнесийн таатай санал тавих ч юмуу, эсхүл танд хэрэгцээтэй байгаа зүйлийг амлаж /хөрөнгө мөнгийг өсгөнө, үнэгүй байр, машин, хөрөнгөтэй болгоно гэдэг ч юмуу ямар нэгэн байдлаар таатай санал тавьж зориудаар залилан мэхэлдэг тул тэдэнд хүнийг хайрлах, энэрэх, амьжиргаанаас нь сайлгаж байна гэж өрөвдөх ямар ч сэтгэл байдаггүй, эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу, хүүхэд гэж ялгалгүй залилдаг.  
Мөн залилах хэргээ төгс үйлдэхийн тулд итгэл төрүүлдэг, Жишээлбэл сүлжээний хэрэгт түрүүлж элссэн хүнд урамшуулал олгож ашигтай юм байна гэх илтгэлийг төрүүлээд тэрнээс илүү олон хүнийг элсүүлж залилдаг. Эргээд нөгөө урамшуулал авсан хүн маань хохирсон иргэдийн төлбөр мөнгийг барагдуулахаар иргэний хариуцагчаар татагдан хамтран оролцдог.

-Ховд аймгийн тухайд залилах гэмт хэрэг ямар байдлаар үйлдэгдэж байна вэ? Онцлог анхаарал татсан хэргийн талаар мэдээлэл өгнө үү?

Ховд аймгийн тухайд бол мал, хөрөнгөгүй хэрнээ мал болон ямар нэгэн эд хөрөнгө зарна, шилжүүлнэ, сүлжээний бизнес ашигтай гэх байдлаар тухайн сүлжээний нэрийг барьж залилан мэхлэсэн гэмт хэргүүд зонхилон бүртгэгдсэн. Тухайлбал сүлжээнд элсүүлж байна гэх нэрийдлээр маш олон удаагийн үйдлээр бусдаас мөнгө шилжүүлэн авч тэрийгээ хувьдаа ашигласан хэргийг цагдаагийн байгууллагаас 2019 оны 11 дүгээр сард илрүүлэн шалгаж, 11 үйлдэлтэй 130 сая орчим төгрөгийн хохиролтой хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлээд байна. 

-Залилах гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэхийн тулд ард иргэд юуг анхаарах вэ? 

-Хохирогчид ихэвчлэн залилагч этгээдийн итгэл төрүүлэхээр төөрөгдүүлж байгаа зүйлийг нягтлан шалгаж, асууж тодруулдагүй, урт хугацааны өмнөх харилцааны явцад бий болсон итгэл үнэмшлээрээ хандаж залилуулсан байдаг. 
Сүлжээний гэх тодотголтой хэрэгт төрийн болон төрийн бус байгууллагуудын ажилтан, алба хаагчид маш их элсэж, цаашлаад иргэний хариуцагчаар татагдсан, хөрөнгө мөнгөөрөө хохирсон тохиолдол цөөнгүй байгаа тул өөрийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээ бусдад шилжүүлэхдээ нягтлан шалгаж байх шаардлагатай байна. Иргэд өөрсдөө хариуцлагатай байх юм бол энэ хэргийн хохирогч болохгүй байх боломж бүрэн бий. 
Иймд Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлж, аливаа үйлдэлдээ хариуцлагатай хандах, улсын хэмжээнд зохион байгуулж аянд нэгдэхийг  уриалж байна.  

Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ