Монгол Улсын шинэ үндсэн хууль батлагдсаны түүхт 28 жилийн ой тохиож байна



Монгол Улсын шинэ үндсэн хууль батлагдсаны түүхт 28 жилийн ойн баярыг тохиолдуулан Ховд аймгийн ИТХ-аас Үндсэн хуулийн 28 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө баталжээ. Тус төлөвлөгөөний дагуу Галдан бошигт хаан, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Уг ёслолын арга хэмжээнд аймгийн удирдах ажилтнууд болон Ховд аймгийн Ардын Их Хурлын депутат, төр захиргааны ахмад ажилтнуудын төлөөлөл оролцсон бөгөөд Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн бие бүрэлдэхүүн аймгийн төв талбайд ёслолын жагсаал зохион байгуулсан юм.



Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг 1991 оны сүүлчээр хэвлэлд нийтлэн Монголын нийт ард түмнээр хоёр удаа, 18 аймгийг таван бүс болгон бүсчилсэн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлснээс гадна Улсын Бага Хурлаар 4 удаа хэлэлцсэн түүхтэй. Улмаар БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдаанаар 430 депутат хоёр сар гаруй хугацаанд буюу нийт 76 хоног цэц оюунаа шавхан хэлэлцэж, шүүн тунгаасан билээ. Түүнчлэн БНМАУ-ын Ардын Их Хурлын хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн тухай” хууль баталж, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтжээ. Ховд аймгаас Үндсэн хууль батлахад сум бүрээс нэг төлөөлөл нийт 18 депутат оролцож байсан байна.  



Монгол Улсын шинэ үндсэн хууль батлагдсаны түүхт 28 жилийн ойн баярыг тохиолдуулан аймгийн ИТХ, ЗДТГ-аас Ардын Их Хурлын депутат, төр захиргааны ахмад ажилтнуудыг хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр шинэ үндсэн хууль батлагдсан түүхэн үйл явц, аймаг, сумаас сонгогдсон депутатуудын үүрэг оролцооны тухай мэдээлэл солилцсон юм.



Мөн Монгол Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах эрх зүйн үндсийг батлахад бодит хувь нэмэр оруулсан Ховд аймгийн Ардын Их Хурлын депутатуудын нэг болох Монгол Улсын хүний гавьяат эмч Ж.Даваабалд “Ховд аймгийн 100 эрхэм” цол тэмдэг гардуулан өгч, баяр хүргэлээ. 



Үүнээс гадна Ховд аймгийн Музейн алдрын танхимд шинээр байгуулсан “Ховд аймгийн Ардын Их Хурлын депутатууд”-ын алдрын булантай танилцсан юм. Тус алдрын буланд 18 депутатын хөрөг зургийг суурилуулсан бөгөөд холбогдох баримт бичгийг хадгалж байна. Улмаар аймгийн депутатуудын ирүүлсэн баримт бичгийг Музейн байгууллагаас задлан шинжилж, баталгаажуулан, цахим хэлбэрт оруулахаар төлөвлөж байна гэж албаныхан хэллээ.
Монгол Улсын шинэ үндсэн хууль батлагдсаны түүхт 28 жилийн ойн баярыг тохиолдуулан аймгийн ИТХ-ын санаачилгаар “Ховд аймгийн Ардын Их Хурлын депутатууд” хэмээх ном эмхэтгэн хэвлүүлжээ. Тус номын дээжийг аймгийн Музейд гардуулан өгч, хадгалуулсан юм. 

ВИДЕО:






Үндсэн хуулийн 28 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд үргэлжлүүлэн Үндэсний бөхийн барилдаан, шинэ үндсэн хуулийн утга, агуулгыг багтаасан асуулт бүхий “АХА” тэмцээн зохион байгуулна. 





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ