Монгол Улсын Хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллого 2020 оны нэгдүгээр сарын 9-15-ны хооронд орон даяар нэгэн зэрэг явагдана. Хүн ам, орон сууцны тооллогын тухай хуулийн 8.3-т заасны дагуу ээлжит тооллогыг товлосон өдрөөс эхлэн долоо хоногт багтаан явуулахаар заасан байдаг. Уг заалтын дагуу Хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллогыг 2020 оны 1 дүгээр сарын хоёр дахь долоо хоног буюу 9-ний өдрөөс 15-ны өдрүүдэд мэдээлэл цуглуулалтыг явуулах юм байна.
Уг тооллогыг явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгодог байна.
Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллоготой холбогдуулан аймгийн Статистикийн хэлтсээс нэгдүгээр сарын 4,5-ны өдрүүдэд "Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын тоологч, шалгагч нарын сургалт"-ыг зохион байгуулж аймгийн хэмжээнд 97 тоологч 26 шалгагчийг бэлтгэсэн байна. Иймд иргэн та өөрийн өрхийн бүртгэлтэй баг, хороондоо хандан мэдээллээ хянан баталгаажуулж, тооллогодоо идэвхитэй хамрагдахыг аймгийн Статистикийн хэлтсээс уриаллаа.