ХИС болон МУИС хоорондын хамтын ажиллагааны гэрээ, ХИС-ийн Байгалийн шинжлэл, технологийн сургууль болон МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль хоорондын хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд 2 сургууль хамтарсан судалгаа хийж төсөл хэрэгжүүлэх, хурал зохион байгуулах, багш, оюутан солилцох гэх зэргээр хамтран ажилладаг. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд ХИС дээр МУИС-ийн ХШУИС-ийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч, профессор Ч.Сономдагваар ахлуулсан судалгааны баг ирж ажиллаад агаарын бохирдлыг хэмждэг хамгийн орчин үеийн
"PM 2.5 мониторинг хэмжилтийн багаж"-ийг суурилууллаа.Энэхүү багажийг суурилуулснаар Ховд аймгийн агаарын бохирдлын хэмжээг удаан хугацаанд ажиглах, цаашлаад хэвийн хэмжээнээс маш их бохирдолтой байгаа тохиолдолд холбогдох газарт нь мэдэгдэж бууруулах арга хэмжээ авах боломжтой. Өнөөдөр /2020.01.03/ өглөөний байдлаар Ховд аймгийн агаарын бохирдлын хэмжээ стандарт хэмжээнээс 14-18 дахин их байгааг хэмжих багажаас харж болохоор байна.
Профессор Ч.Сономдагва нь 2008 онд “Улаанбаатар хотын агаарын бохирдол, түүнийг бууруулах арга зам” сэдвээр докторын зэрэг хамгаалж байсан бөгөөд энэ чиглэлдээ Монголдоо тэргүүлэх судлаачийн нэг юм. Тэрээр Японы Нагоягийн их сургуулийн профессорын багтай хамтран ажилладаг бөгөөд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ХИС-ийн багш нар төдийгүй ахисан түвшний суралцагсад дээрх 2 сургуулийн профессорын багуудтай хамтарсан судалгааны ажил хийх бүрэн боломжтой болж байна.
Мөн энэ үеэр багаж суурилуулахаас гадна ХИС-ийн багш, оюутнуудад “Улаанбаатар хотын агаарын чанарын төлөв байдал” сэдвээр семинар хийлээ.