Дарви сумын “Дэгдээхэй” цэцэрлэгийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо



Ховд аймгийн Дарви суманд 2019 онд нийт 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 10 гаруй төрлийн бүтээн байгуулалтын ажил хийгджээ. Эдгээр томоохон бүтээн байгуулалтын ажлын нэг болох “Дэгдээхэй” цэцэрлэгийн өргөтгөлийн барилга шинэ оны босгон дээр ашиглалтад орж, 12 дугаар сарын 31-ний өдөр ёслолын тууз хайчлах үйл ажиллагаа зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүү болон бусад албаны төлөөлөл, сумын удирдлагууд, иргэд хөдөлмөрчид оролцов.



Дарви сумын “Дэгдээхэй” цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг улсын төсвийн 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Буянтын боргио” ХХК-ийн хамт олон дөрвөн сарын хугацаанд хийж гүйцэтгэжээ. Энэхүү цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орсоноор цэцэрлэгийн үйл ажиллагаа өргөжихийн зэрэгцээ хамран сургах тойргийн хамрагдалт нэмэгдэх давуу тал бүрдсэн байна. Өөрөөр хэлбэл, тус цэцэрлэгийн хамт олон дөрвөн бүлэгт 100 орчим хүүхэд хүлээн авах хүчин чадалтай байсан бол өдгөө 7 бүлэгт 200 гаруй хүүхэд хүлээн авах болсноор Дарви сумын 2-5 насны хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд тэгш хамруулах боломжтой болсон гэж цэцэрлэгийн эрхлэгч хэлэв.



Энэ үеэр хүүхэд багачуудыг хөгжүүлэх эрхэм үйлсэд бодит хувь нэмэр оруулан ажиллаж буй Дарви сумын “Дэгдээхэй” цэцэрлэгийн хамт олон, ахмад ажилтнуудад аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж, өргөмжлөл, дурсгалын зүйл, мөнгөн шагнал гардуулж, ажлын өндөр амжилт хүссэн юм. 

ВИДЕО:




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ