Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг шинжлэх ухааны үндэслэлтэй бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхт ойг тохиолдуулан аймгийн ИТХ, ЗДТГ, ХХААГ-аас 12 сарын 22-ны өдөр 17 сумын үе үеийн тариалан эрхлэгчдийн дунд
“Тариаланчид дуулж байна” уралдааныг зохион байгуулсан. Тэгвэл өнөөдөр /2019.12.23 /аймгийн ХДТ-т
“Баярын хурал”,
“Хүндэтгэлийн концерт”-ыг зохион байгууллаа.
Энэ үеэр салбарынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий хүмүүсийг Төрийн дээд шагнал “Алтан гадас” одон , “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “ХХААХҮ-ийн тэргүүний ажилтан”, ХХААХҮЯ-ны “Жуух бичиг”, “Атарчдын алдар” медаль, Атрын 60 жилийн ойн медаль, аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнасан юм.
Тэртээ 1959 онд Улсын хэмжээнд Атрын I аяныг өрнүүлж, 246 мянга гаруй га атар газар хагалж 334 мянган га-д тариалалт хийн 315 мянган тонн ургац хураан авч, хүн ардаа дотоодын үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүнээр хангаж эхэлсэн байна. Тэр цагаас газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлэх эхлэл тавигдсан түүхтэй. Үүний дараагаар буюу 1976, 2008 онуудад Атрын II, III-р аяныг улс орон даяар зохиож байгуулсан байдаг. Харин атрын II аянаар 12 “Сангийн аж ахуй” шинээр байгуулж, 560-670 мянган га-д үр тариа тариалж, 680-860 мянган тонн ургац хураан авч, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй, экспортод гаргаж байжээ.
Өнөөдөр Монгол улсад газар тариалангийн салбарт үр тарианы чиглэлээр 1200, төмс, хүнсний ногооны чиглэлээр 370 гаруй ААН үйл ажиллагаа явуулж, нийт 60 мянган тариаланч, ногоочин ажиллаж байна. Мөн 35 мянган өрх төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний тариалан эрхэлж байна. Ховд аймгийн хувьд газар тариалангийн салбарт өнгөрсөн хаврын тариалалтаар нийт 2433,7 га-д үр тариа, тэжээлийн ургамал, хүнсний ногоо тариалж, , 22,4 мянган тонн ургац хураан авчээ.