Манхан суманд 400 гаруй эмэгтэй чууллаа



Ховд аймгийн Манхан сумын Эмэгтэйчүүдийн зөвлөл санаачлан “Эмэгтэйчүүдийн чуулган” зохион байгуулжээ. Манхан сумын эмэгтэйчүүдийн зөвлөл нь 14 тэргүүлэгчтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2019 онд сумынхаа эмэгтэйчүүдийг хөгжүүлэх зорилгоор урлаг, спортын болон соён гэгээрүүлэх ажлыг санаачлан зохион байгуулсан талаар чуулганы үеэр танилцууллаа. Монголын эмэгтэйчүүдийн холбоо үүсэн байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан энэ удаагийн чуулганд зургаан багийн 400 гаруй эмэгтэй оролцож, харилцан санал солилцов. Энэ үеэр ажил үйлсээрээ манлайлагч бүсгүйчүүдийг аймаг, сум болон МЭХ, МЗХ-ны нэрэмжит шагналаар шагнаж урамшууллаа.



Мөн чуулганы хүрээнд оролцогчдын дунд хөгжилтэй буухиа, караоке дууны аварга баг шалгаруулах тэмцээн болон “Бүтээлч эмэгтэй” үзэсгэлэн худалдаа, эрүүл мэндийн сургалт зэрэг олон талт үйл ажиллагаа зохион байгуулснаараа онцлогтой аж. Чуулганы үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг оролцож, төрөөс эмэгтэйчүүдийн талаар баримталж буй бодлого, хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо, БЗДХ өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай мэдээлэл хийв.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ