“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ы хүрээнд Ховд аймгийн ИТХ, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон “Ухаалаг хөгжил” сургалтын төв хамтран Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулийн 6-9 дүгээр ангийн сурагчдын дунд “Аавдаа хэлэх миний үг” сэдэвт захидал бичих уралдааныг энэ оны 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 05-ыг хүртэлх хугацаанд зохион байгуулжээ. Хүүхдүүдийг аавдаа сэтгэлийн үгээ хэлэх боломж олгох замаар өөрийгөө илэрхийлэх чадварыг нэмэгдүүлэх, захидлын харилцааны соёлыг бий болгож, ач холбогдлыг нь ойлгуулах зорилготой “Аавдаа хэлэх миний үг” уралдаанд 300 гаруй сурагч захидал ирүүлсэн байна. Улмаар гурван үе шаттай шалгаруулалт хийснээр 30 шилдэг захидлыг шалгаруулж, аав нарт нь хүүхдийн захидлыг гардуулан өгсөн юм.
Энэ үеэр захидлын уралдаанд оролцогч хүүхдүүдийн аавууд захидалтай танилцсаныхаа дараа “Ойлгоё-хүндэлье-гэр бүлээ” уриан дор нээлттэй ярилцаж, харилцан санал солилцов. Тэд хүүхэдтэйгээ хамт өнгөрүүлэх цаг хугацааг нэмэгдүүлэхэд анхаарах, хамтдаа дурсамж бүтээх, харилцах ярилцах, хүүхдийнхээ үзэл бодлыг сонсох, хүндэтгэх, сургууль бүрт аавуудыг оролцуулсан шинэлэг үйл ажиллагаа зохион байгуулах, сурагчдыг монгол уламжлал, ахуй орчинтой танилцуулах, захидлын уралдаанд оролцогчдын шилдэг захидлыг цахим орчиноор олон нийтэд сурталчлах замаар эерэг хандлагыг түгээх зэрэг хэд хэдэн саналыг хэлж байлаа.
ВИДЕО: