“Хичээх өдөр”-ийн үйл ажиллагааг Ховд аймагт зохион байгуулав



Жил бүрийн арваннэгдүгээр сарын 29-ний өдрийг "Хичээх өдөр" болгож, зам тээврийн ослоор нас барсан иргэдэд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу зам тээврийн ослын улмаас хохирсон иргэд, тэдний ар гэрийнхэний дуу хоолойг олон нийтэд хүргэх, зөвлөгөө, уриалга түгээн дэлгэрүүлэх зорилгоор Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл хамтран хэд хэдэн ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Тодруулбал, түргэн тусламж, онцгой байдал, цагдаагийн байгууллагын алба хаагчдын хамтарсан баг нийт долоон техник хэрэгслээр цуваа үүсгэн аймгийн төвийн нийтийн эзэмшлийн авто зам дагуу 8 км явж, иргэдэд зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлэг мэдээлэл хийлээ. Мөн зам тээврийн ослын улмаас тээврийн хэрэгсэлд үүссэн зарим эвдрэл, гэмтлийн жишээг бодитоор харууллаа.  



Ховд аймаг 17 сум, 91 багтай. 88 мянга гаруй хүн амтай. Өдгөө замын хөдөлгөөнд оролцож байгаа 18360 гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.
Өнгөрсөн 2018 онд зам тээврийн ослын улмаас 13 иргэн амь насаа алдаж, 25 хүн гэмтэл авчээ. Тэгвэл энэ онд мөн 10 гаруй иргэн зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж, 20 орчим хүн гэмтжээ. Үүнээс гадна Замын цагдаагийн тасгийн алба хаагчид хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор гудамж, замын хяналтаар 10584  цаг үүрэг гүйцэтгэж 14561 зөрчил илрүүлсэн байна. Үүнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 796 зөрчил байна. Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар авто машин жолоодсон 190 зөрчил илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн дагуу шийдвэрлэж ажилласан гэж албаны эх сурвалж мэдээллээ. Түүнчлэн Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албаны 102 дугаарын утсанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн зам тээврийн ослын 265 гомдол мэдээлэл бүртгэсэн аж.
Цаашид иргэн бүр дор бүрнээ ухамсартай, эерэг хандлагатай байж замын хөдөлгөөний дүрмээ чандлан мөрдвөл зам тээврийн осол буурна гэж Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга Н.Балжинням онцоллоо. Мөн замын хөдөлгөөнд оролцож буй иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар эерэг зөв үйлдлээрээ бусдадаа үлгэрлэж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцож хэвшихийг тус Замын цагдаагийн тасгийн хамт олон уриалав. 







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ