Ховд аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос энэ оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Хэвлэлийн бага хурал” зохион байгууллаа. Нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох, жил бүр тодорхой хувиар нэмэгдэж буй шимтгэлийн хувь хэмжээг зогсооход энэхүү хурлын зорилго чиглэж байснаараа онцлогтой. Энэ үеэр Ховд аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ц.Ариунжаргал хэлэхдээ: “Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газраас нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг жил бүр тасралтгүй нэмэгдүүлж байгаа нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эрчим хүч, дулаан хангамж, цэвэр усны үнэ тарифийн өсөлтөд нөлөөлж байна. Улмаар Үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд, ажилтнууд, иргэд, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн амьдралд хүндрэл учруулж байна. Мөн нийгмийн даатгалын өнөөгийн тогтолцоо нь аж ахуйн нэгж, байгууллага болон ажил олгогчдыг өртүүлэхээс гадна даатгуулагчдад төлсөн шимтгэлийнхээ үр шимийг бүрэн хүртэх боломж олгохгүй байна. Цаашлаад даатгалын үйлчилгээ тогтмол алдагдалтай байгаа байдал нь ирээдүйд даатгуулагчид тэтгэвэр тэтгэмжээ авч чадахгүйд хүргэх эрсдэл үүсэх магадлалтай. Тиймээс нийгмийн даатгалын шимтгэлийг дахин нэмэх асуудлыг Ховд аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос эсэргүүцэж байна” гэлээ. Мөн нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох замаар шударга, өгөөжтэй байдлыг бий болгож, иргэд даатгалынхаа үр шимийг бүрэн хүртэх боломжийг өргөжүүлэх ёстой гэж онцлон хэлэв. Ховд аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо нь есөн тэргүүлэгчтэй бөгөөд 60 гаруй гишүүн байгууллагатай. Тухайн байгуулага бүрт үйлдвэрчний эвлэлийн салбар идэвхтэй ажиллаж байна. Цаашид олон нийтийн санал авах, хөдөөгийн сумын иргэдийн дуу хоолойг сонсох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэж зохион байгуулагчид ярьж байсан юм.
ВИДЕО: