“Сургуулийн өмнөх боловсрол-хүний хөгжилд нөлөөлөх нь” аймгийн анхдугаар зөвлөгөөн боллоо



Ховд аймгийн Сургуулийн өмнөх боловсролын салбарын анхдугаар зөвлөгөөн 11 дүгээр сарын 17-ны өдөр “Сургуулийн өмнөх боловсрол-хүний хөгжилд нөлөөлөх нь” сэдвийн хүрээнд өрнөв. Зөвлөгөөнийг Ховд аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүү нээж үг хэлсэн бөгөөд Сургуулийн өмнөх боловсролын салбарын түүхэн хөгжил, өнөөгийн бодлого чиглэл, цаашдын зорилтын талаар танилцуулсан юм.


Монгол Улсад тэртээ 1930 онд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын суурь тавигдсан бол Ховд аймагт 1944 онд анхны цэцэрлэг байгуулагдсанаар бага насны хүүхэд хүмүүжлийн ажлыг эхэлж байжээ. Жил бүр орон нутгийн сургуулийн өмнөх боловсролын салбарын үйл ажиллагаа өргөжихын зэрэгцээ цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдийн тоо нэмэгдэж байна. Тухайлбал, 1995 онд цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо 11 хувьтай байсан бол өдгөө 2019 оны байдлаар төрийн өмчийн 32 цэцэрлэгт өдрийн бүлгээр 7121, хувилбарт сургалтаар 720 хүүхэд суралцаж, хүүхдийн цэцэрлэгт хамрагдалт 81.9 хувьд хүрээд байгаа аж.



Ховд аймгийн сургуулийн өмнөх боловсролын салбарт одоогийн байдлаар 860 гаруй хүн ажиллаж байгаа бөгөөд энэ удаагийн анхдугаар зөвлөгөөнд 17 сумын 40 гаруй цэцэрлэгийн эрхлэгч, багш, ажилтнуудын төлөөлөл 300 орчим хүн оролцож, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцож байгаагаараа онцлогтой. 



Ховд аймгийн Сургуулийн өмнөх боловсролын салбарын анхдугаар зөвлөгөөний үр дүнд оролцогчид хүүхдийн хөгжилд эцэг эх, олон нийтийн оролцоог өргөжүүлэх боломж, бага насны хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх нь, бага насны хүүхдийн хөгжлийн үзүүлэлт, үнэлэх арга зам, хоолны амт, чанар, эрүүл мэнд, багш ажилтны ёс зүй ба хандлага гэсэн таван чиглэлийн дагуу зөвлөмж гарган хэрэгжүүлэх юм. 

ВИДЕО:









Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ