Ховд аймгийн албан байгууллага, аж ахуйн нэгжийн "Эцэг эхийн зөвлөл"-ийн гишүүдийн уулзалт, хэлэлцүүлэг болов



Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 03 дугаар тогтоолоор албан байгууллага, аж ахуйн нэгжийн дэргэд Эцэг эхийн зөвлөл байгуулан ажиллуулах, хүүхэд хамгааллын бодлогын жишиг баримт бичгийг боловсруулан мөрдөж ажиллахыг үүрэг болгосон. Тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Жаргалант сумын албан байгууллагуудын дэргэдэх Эцэг эхийн зөвлөлүүдийг чадавхижуулах, арга зүйгээр хангах сургалтыг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулсан. Тэгвэл 11 дүгээр сарын 06-нд зөвлөлийн үйл ажиллагааг тогтворжуулах, дэмжлэг үзүүлэх харилцан туршлага солилцох уулзалт, хэлэлцүүлгийг аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт /ГБХЗХГ/ зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт аймгийн Засаг даргын орлогч Ч. Уранчимэг болон 80 гаруй байгууллагын Эцэг эхийн зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүд оролцлоо.



Энэ үеэр ГБХЗХГ-ын мэргэжилтнүүд хүүхдийн эрхийн болон хүүхэд хамгааллын тухай хууль, хүүхэд хамгааллын жишиг баримт бичиг, эцэг эхийн зөвлөл байгуулан ажиллуулах зөвлөмж, аймгийн Засаг даргын захирамжийг танилцуулж Хүүхэдтэй зүй бус харилцах, Хүүхэд хамгаалал, Хүүхдийн нас бие сэтгэхүйн онцлог, Хүүхэд хүмүүжлийн эерэг арга,Үлгэрч аав ээж арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Эцэг эхийн зөвлөлүүд цаашид байгууллагынхаа хүүхэд хамгааллын бодлогыг шинэчлэн батлах, эцэг эхийн зөвлөлийн төлөвлөгөөний дагуу  үйл ажиллагааны тайлан гаргаж нэгдсэн байдлаар ирүүлснээр шилдэг 3 эцэг эхийн зөвлөлийг шалгаруулж,  таван зуун мянган төгрөгөөр урамшуулахаар боллоо. Мөн байгууллагын эцэг эхийн зөвлөлийнхөн хүүхдийн хөгжил, хүмүүжлийн талаар хийсэн ажил, хүсэлтээ хэлж харилцан санал солилцлоо.



Аймгийн засаг даргын 2019 оны 10 сарын 15-ны өдрийн А/ 661 захирамжаар хүүхдийг гэр бүлийн орчинд хөгжүүлэх, эцэг эхчүүд чөлөөт цагаа гэр бүлдээ зориулан зөв боловсон өнгөрүүлэх, бие биенээ сонсох, хамтдаа хөгжих, найрсаг харилцааг бий болгох зорилгоор хүүхдийнх нь төрсөн өдрөөр ажилтнууддаа цалинтай чөлөө олгохыг төрийн байгууллагад үүрэг болгож, аж ахуйн нэгжийн удирдлагуудад уриалсны дагуу ГБХЗХГ-аас ажилтнууддаа цалинтай чөлөө олгох болсон бөгөөд ажилтнуудынхаа хүүхдүүдэд зориулан чөлөөт цагаа томчуудын хяналтан дор, хичээл давтах, хөгжих боломжтой өрөө гарган тохижуулснаа танилцуулж,  бусад байгууллагуудыг хүүхдийнхээ төлөө бодитой ажил хийхийг уриаллаа. Мөн хүүхдийн хөдөлмөр, анхан шатны тусламж, хүүхдийн оролцоо, ач холбогдол, мэргэжлээ хэрхэн сонгох, сурагчдын эрүүл амьдрах дадал, ариун цэврийн өрөөнд гар угаах дадал, толины дасгал, сурагчдын өөртөө итгэх итгэл, эерэг харилцаа, НҮБ-ийн хүүхдийн эрхийн конвенц зэрэг нийт 8 төрлийн 208 ширхэг боршуурыг тарааж мэдээлэл өгчээ. 





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ