Монголын математикийн олимпиадын хороо, Ховд аймгийн ЗДТГ, БСУГ, Цэцэг сумын ЗДТГ-тай хамтран Академич, доктор, профессор Т.Жанлавын нэрэмжит
"Баруун бүсийн аймгуудын математикийн олимпиад"-ыг Ховд аймгийн Цэцэг суманд энэ сарын 18-20-ны хооронд амжилттай зохион байгууллаа. Баруун бүсийн шилдэг математикч багш сурагчдыг шалгаруулах, улсын олимпиадад оролцох эрх олгох, шилжин явах цомын эзэн багийг шалгаруулах зорилгоор Монголын математикийн олимпиадын хороо 2015 оноос хойш тус олимпиадыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж иржээ. Олимпиадад аймаг бүрийн шилдэг тэргүүний багш сурагчид оролцдог бөгөөд Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн 6-12 ангийн сурагчид, бага дунд ангийн математикийн багш нар гэсэн нийт 192 хүн оролцож, мэдлэг оюунаа сорьсон аж.
Олимпиадын нийлбэр дүнгээр 1-р байранд Увс аймаг, 2-р байранд Завхан аймаг, 3-р байранд Ховд аймгийн багш сурагчид шалгарсан байна. Уг олимпиадад Ховд аймгийн багш сурагчид анх удаагаа шагналт байранд шалгарсан бөгөөд Ховд аймгийн Жаргалант сумын Прогресс сургууль 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль, 3-р сургууль 1 мөнгө, 2 хүрэл медаль, Цаст-Алтай цогцолбор сургууль 1 хүрэл медаль, 1-р сургууль 1 хүрэл медаль, Алтай сумын ЕБС 1 хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлжээ. Тухайлбал,
7-р ангид Прогресс сургуулийн сурагч М.Халиунаа алтан медаль,
О.Дөлгөөнтамир мөнгөн медаль
8-р ангид ЕБ-ын 3-р сургуулийн сурагч Б.Наранжаргал мөнгөн медаль, Ц.Сарангэрэл хүрэл медаль
9-р ангид Прогресс сургуулийн сурагч С.Сүхбат хүрэл медаль
11-р ангид Алтай сумын ЕБС-ийн сурагч А.Мөнхзаяа хүрэл медаль
12-р ангид Цаст-Алтай цогцолбор сургуулийн сурагч Т.Насанбилэгт хүрэл медаль хүртжээ. Харин баг ангийн багш нарын ангилалд Жаргалант сумын ЕБ-ын 1-р сургуулийн бага ангийн багш Н.Энхжаргал хүрэл медаль, дунд ангийн багш нарын ангилалд Жаргалант сумын ЕБ-ын 3-р сургуулийн дунд ангийн багш Х.Лхамсүрэн хүрэл медаль хүртсэн байна. Энэхүү тэмцээний 9-12-р ангийн ангилалд түрүүлсэн сурагчид Улсын олимпиадад оролцох эрхтэй болсон юм.