Аймгийн Тэргүүний сургуулиар Жаргалант сумын ерөнхий боловсролын "Прогресс" сургууль шалгарлаа



Жил бүрийн 10-р сарын 5-ны өдрийг Дэлхийн болон Монголын багш нарын баярын өдөр болгон тэмдэглэдэг. Монголын багш нарын баярын 53 дахь удаагийн тэмдэглэлт өдрийг тохиолдуулан өнөөдөр аймгийн Хөгжимт драмын театрт “Багшаа хүндэтгэе” багш нарын баярын хурлыг зохион байгууллаа. Хурлын эхэнд аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүү 2018-2019 оны хичээлийн жилд хийж хэрэгжүүлсэн ажил, зорилго зорилтоо хэрхэн хэрэгжүүлж, ямар ололт амжилт гаргасан талаар тайлан илтгэл танилцууллаа.



Энэ хичээлийн жилд Ховд аймгийн төр, хувийн хэвшлийн 44 цэцэрлэг, Ерөнхий боловсролын 25 сургууль, Ховд Их сургууль, “Хөгжил” политехник коллежид нийт 1641 эрдэмтэн багш нар ажиллаж, 30 гаруй мянган хүүхэд багачууд, оюутан залуусыг сурган хүмүүжүүлж байна.

Эдгээр эрдэмтэн багш нарын төлөөлөл 400 гаруй багш хүрэлцэн ирсэн баярын хурлын арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Б.Дүгэржав, Жаргалант сумын болон Боловсролын салбарын байгууллагуудын удирдлагууд, ахмад гавьяат багш нарын төлөөллүүд оролцож аймгийнхаа нийт багш, сурган хүмүүжүүлэгчдэд мэндчилгээ дэвшүүлэв.



Мөн баярын хурлын үеэр хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлэх үйлсэд оюун ухаан, мэдлэг чадвар, олон жилийн хөдөлмөрөө зориулж, Боловсролын салбарын үйл ажиллагааны чанар хүртээмжийг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж буй нэр бүхий багш, ажилтан албан хаагчдыг шагнаж урамшуулсан юм.



Тухайлбал, Хөдөлмөрийн хүндэт медалиар Т.Алтанцэцэг, "Боловсролын тэргүүний ажилтан" цол тэмдгээр Ш.Отгонжаргал, Б.Байгалмаа, Ч.Түмэндэмбэрэл, Ж.Батцэнгэл, Б.Мөнхтуяа, Ж.Бат-Орших, Д.Даваажаргал, М.Оюунчимэг нарыг шагнав. Мөн БСШУСЯ-ны "Жуух бичиг", аймгийн ИТХ, Засаг даргын нэрэмжит шагнал, БСУГ, МУЗН, МБТБНХ-ны шагналаар нэр бүхий хүмүүсийг шагнаж урамшуулав.



Үүний дараагаар Аймгийн тэргүүний сургууль, цэцэрлэгүүд, Олон нийтийн оролцоот сургууль, цэцэрлэгүүдэд шагнал гардууллаа.



Аймгийн тэргүүний сургуулиар:
Тэргүүн байр - Жаргалант сумын ерөнхий боловсролын "Прогресс" сургууль
Дэд байр - Жаргалант сумын ерөнхий боловсролын Лаборатори 1-р сургууль
Гутгаар байр - Жаргалант сумын ерөнхий боловсролын 7-р сургууль
Аймгийн тэргүүний цэцэрлэгээр:
Тэргүүн байр - Жаргалант сумын 10-р цэцэрлэг
Дэд байр - Жаргалант сумын 8-р цэцэрлэг
Гутгаар байр - Жаргалант сумын 7-р цэцэрлэг



Олон нийтийн оролцоот сургуулиар:
Тэргүүн байр - Дуут сумын ЕБС
Дэд байр - Булган сумын ЕБС
Гутгаар байр - Үенч сумын ЕБС
Олон нийтийн оролцоот цэцэрлэгээр:
Тэргүүн байр - Жаргалант сумын 14-р цэцэрлэг
Дэд байр - Жаргалант сумын 8-р цэцэрлэг
Гутгаар байр Жаргалант сумын 15-р цэцэрлэг шалгарч, шагналаа гардан авлаа.










Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ