Жил бүрийн 10-р сарын 01-ний өдрийг олон улсын
"Ахмадын өдөр" болгон тэмдэглэдэг. Энэ хүрээнд Баруун бүсийн ууган их сургууль Ховд их сургуульд ажиллаж, хөдөлмөрлөж байгаад гавьяаны амралтандаа гарсан ахмад багш, ажилчдаа тус сургуулийн удирдлагууд хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Ховд их сургуультай ажил амьдралаа холбосон 30 гаруй ахмад буурлууд байдгаас тус хүндэтгэлийн үйл ажиллагаанд МУГБ Б.Цэрэнжав, МУГБ Д.Батчулуун, доктор,проф С.Дорж, МУСТА Ч.Ваша тэргүүтэй 21 ахмад багш, ажилчид хүрэлцэн иржээ.
Хүндэтгэлийн үйл ажиллагааг нээж ХИС-ийн захирал доктор,проф Б.Нямдорж ахмадууддаа баярын мэнд хүргээд аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөв. Мөн энэ үеэр ХИС-ийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, 20 ба түүнээс дээш жил ажилласан нэр бүхий ахмадуудад 40 жилийн ойн медаль гардуулсан юм.
Энэ үеэр ХИС-ийн Язгуур урлагийн ангийн оюутнууд ахмадууддаа баярын мэнд хүргэн ая дуугаа өргөв.