Монгол улсын орон нутгийн мэргэжлийн боловсролын их, дээд сургууль, коллежийн оюутны "Универсиад-2019" спорт, урлагийн уламжлалт XXII их наадам 2019 оны 09-р сарын 27-30-ний өдрүүдэд Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуульд амжилттай болж өндөрлөлөө. Тус наадамд Ховд их сургуулийн БШТС-ийн захирал Ц.Цэрэнгомбоор удирдуулсан, ОУХМ, багийн ахлах дасгалжуулагч Д.Баярболд тэргүүтэй 4 багш, Ховд их сургуулийн 32 оюутны бүрэлдэхүүнтэй баг тамирчид амжилттай оролцож 41 оноогоор тэргүүн байр эзлэж "Шилжин явах цомын эзэн боллоо. Ийнхүү XXII их наадамд Ховд их сургуулийн баг тэргүүн байр эзэлж, “ШИЛЖИН ЯВАХ ЦОМ”, алтан медаль гардан авснаар 13 удаа тэргүүн байр эзэлсэн цорын ганц сургууль болж байна.
Бүсийн оюутны спорт, урлагийн их наадамд АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны салбар сургууль, Увс аймгийн Хөдөлмөрийн дээд сургууль, Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль, Ховд их сургууль, МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургууль, Дорнод их сургуулийн 400 гаруй төлөөлөгч оролцож, спортын 5, урлагийн 6 төрлөөр хурд хүч, авхаалж самбаа, авьяас чадвар, билэг оюунаа сорьсон аж.
“УНИВЕРСИАД-2019” уламжлалт спорт, урлагийн их наадмын хоёрдугаар байрт МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургууль, гуравдугаар байрт АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургууль тус тус шалгарчээ.
Жил бүр уламжлал болгон явагддаг энэхүү наадам нь оюутан багш нарын харилцан ойлголцлыг бэхжүүлэх, туршлага солилцох, тухайн орон нутгийг танин мэдэх, оюутны авьяас чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх зорилготой юм.
Наадмын хаалтын үйл ажиллагаа Баян-Өлгий аймгийн Спорт цогцолборт ёслол төгөлдөр болж, дараагийн XXIII их наадмыг зохион байгуулах эрхийн төлөө Дорнод, Архангай аймгууд өрсөлдөж, МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургууль дээр зохион байгуулагдах шийдвэр гарч, тугийг төлөөлөгчид хүлээлгэн өгсөн гэж Ховд их сургуулиас мэдээллээ.