Ховд аймгийн Жаргалант суманд ганцхан “Номин шилтгээн констракшн” ХХК-ийн Шахмал түлшний үйлдвэр үйл ажиллагаа явуулж буй. Тус үйлдвэр өдөрт 40-80 тонн сайжруулсан нүүрс үйлдвэрлэх хүчин чадалтай, 8 ажилтантай. Өнгөрсөн есдүгээр сараас эхлэн үйлдвэрлэсэн шахмал түлшээ нэг тонн 140 мянга, нэг уут нь 7000 төгрөгөөр борлуулж байна.
Тус үйлдвэр өнгөрсөн жил 3000 орчим тонн шахмал түлш үйлдвэрлэж байжээ. Тэгвэл энэ жил 6-8 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна гэж үйлдвэрийн менежер Б.Чимэдцэрэн хэллээ. Шахмал түлшийг үйлдвэр болон аймгийн төв зах дээр худалдаж байна. Шахмал түлш хэрэглэснээр агаарын бохирдлыг бууруулахад тодорхой нөлөө үзүүлэх ба байгальд ээлтэй болохыг албаны эх сурвалж онцоллоо.