Баруун бүсийн аймгуудын Нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгуультан, ажилтнуудын “Спортын наадам” болж байна



Баруун бүсийн аймгуудын Нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгуультан, ажилтнуудын туршлага солилцох уулзалт-зөвлөгөөн, урлаг, спортын наадам Ховд аймагт   хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгуультан, ажилтнуудын бие бялдрын өв тэгш хөгжлийг хангах, чийрэгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хамт олны нөхөрлөлийг бэхжүүлэх зорилготой “Спортын наадам”-д  Ховд, Говь-Алтай, Завхан, Увс, Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч,  холбогдох мэргэжилтнүүдээс бүрдсэн  120 гаруй  хүн оролцож буй.



Баруун таван аймгийн ИТХ-ын баг тамирчид сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, буудлага, дардас, шатар, олс таталт гэсэн спортын долоон төрлөөр өрсөлдөж, шилдгүүдээ тодруулна. Тэмцээний эхний өдөр буюу есдүгээр сарын 14-ний өдөр гар бөмбөг, дардас, буудлага, ширээний теннисний тэмцээн болж байна. Харин маргааш гар бөмбөг, сагсан бөмбөг, олс таталт гэсэн спортын төрлөөр тэмцээн  үргэлжлэх юм.  



Баруун бүсийн аймгуудын Нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгуультан, ажилтнуудын туршлага солилцох уулзалт-зөвлөгөөн, спортын наадмыг  жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ онд  10 дахь  удаагийн үйл ажиллагаа өрнөж байгаагаараа онцлог аж.






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ