БСШУСЯ-аас зохион байгуулж буй
“Цэцэрлэгийн арга зүйч, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн сургалт-зөвлөгөөн” өнөөдөр буюу 2019 оны есдүгээр сарын 10-нд Ховд хотод эхэллээ.
Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэн, цаашид бүх түвшинд чанартай, үр дүнтэй зохион байгуулах нөхцөл боломжийг бий болгох, багшийн ажлын байран дээрх хөгжлийг ханган, зөвлөн туслах ажлын чанарыг сайжруулах зорилготой сургалт-зөвлөгөөнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, тус яамны СӨБ болон Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга, сургагч багш нар, баруус бүсийн 5 аймгийн сургалтын менежер, арга зүйчид оролцож байна.
Сургалт, зөвлөгөөнийг Ховд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав албан ёсоор нээж үг хэллээ. Тэрбээр хичээлийн шинэ жилийн эхэнд зохион байгуулж буй уг сургалт, зөвлөгөөнд оролцогчид энэ хичээлийн жилийн бодлого зорилтоо хэрэгжүүлэхэд юуг анхаарах талаар тодорхой ойлголттой болоод зогсохгүй харилцан бие биенээсээ суралцах, мэдээллээ солилцох өргөн боломж нээгдэж байгааг онцлон тэмдэглэлээ.
ВИДЕО:
Сургалт-зөвлөгөөнийг бүсчилсэн хэлбэрээр Ховд, Хөвсгөл, Өмнөговь, Дорнод болон нийслэлд төвлөрүүлэн зохион байгуулах бөгөөд орон нутгийн сургалтад 1749, нийслэлийн сургалтанд 1181 буюу улсын хэмжээнд нийт 2930 арга зүйч, менежерүүд
“Цэцэрлэгийн арга зүйч, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн сургалт-зөвлөгөөн”-д хамрагдана. Эхний ээлжийн Ховд аймагт болж буй баруун бүсийн Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн нийт 472 арга зүйч, менежерүүд хамрагдаж байна.