Хүүхдийн хоолны тогооч нарыг мэргэшүүлж байна



Ховд аймгийн Жаргалант сумын ЗДТГ-аас төрийн болон хувийн өмчийн 26 цэцэрлэгийн тогооч нарыг “Эрүүл зөв хооллолт болон хүүхдийн хоолоор мэргэшүүлэх, хоолны зардлын үр дүнг нэмэгдүүлэх” сургалтыг энэ сарын 07-13-ны өдөр зохион байгуулж байна.

Боловсролын салбарт шинээр батлагдсан хоол, хүнсний тухай хуулийн дагуу цэцэрлэгийн тогоочоор ажиллахад хүүхдийн хоолоор зайлшгүй мэргэшсэн байх шаардлага тавьж байгаа аж. Үүнтэй холбогдуулан Жаргалант сумын цэцэрлэгүүдийн ахлах болон туслах тогооч нарын төлөөлөл 40 гаруй хүн сургалтад оролцож буй.

ВИДЕО:



Сургалтын хүрээнд хүүхдийн хоол шим тэжээлийн хэмжээ, түүнийг баримтлах зарчим, эерэг ба сөрөг нөлөөлөл, хоолны шим тэжээлийн агууламж, илчлэгийн тооцоолол, хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийн ангилал, хаяг шошго, хадгалалт, тээвэрлэлт, агуулахын зохион байгуулалтын талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ. Үүнээс гадна хүүхдийн хоолонд анхаарах асуудал, ЭМЯ-ны сайдын А/74 тушаалыг эмчилгээний хоолонд мөрдөх, улмаар хоол үйлдвэрлэлийн зохион байгуулалт GMP, GHP зохистой дадлын стандартыг хэрэгжүүлэх талаар зөвлөмж өгөв.



Хүүхдийн хоолны тогооч нарыг мэргэшүүлэх сургалт чадамжид суурилсан дадлага хичээлээр үргэлжилж байна. Энэ хүрээнд оролцогчид таван хүний бүрэлдэхүүнтэй баг болж, хоол үйлдвэрлэлийн шинэ техник, технологитой танилцаж байна. Хүүхдийн хоол, зууш, салат, талх, нарийн боов, ундаа зэргийг стандартын дагуу бэлтгэх талаар мэдлэг,  ур чадвараа хөгжүүлж байна.

Энэ удаагийн сургалтаар дамжуулан цэцэрлэгийн тогооч нар хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд, илчлэгийн тооцоолол хийж, улмаар давсны хэрэглээг бууруулах, хүүхдийн хоолны цэсэнд шинэчлэлт хийх арга зүйг эзэмшинэ гэж албаныхан хэллээ. Цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ нь боловсролын үйлчилгээний салшгүй нэг хэсэг бөгөөд сургалтын үр дүнд хүүхдийн хоолонд хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг сайжруулах боломж өргөжих давуу талтай гэж мэргэжилтнүүд ярилаа.

Мөн сургалтын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, эмч, нягтлан бодогч нарт “Хүнсний зөв хэрэглээ”-ний талаар мэдээлэл хүргэжээ. Энэ үеэр хүүхдийн хоолны чанарыг сайжруулах, улмаар бага насны хүүхдэд зөв хооллолтын боловсрол эзэмшүүлэх тухай санал солилцсон аж. 


 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ