Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгээр ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна



Орон нутгийн боловсроын салбарт хэрэгжиж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцах, боловсролын салбар байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгээр ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 9, 10-ны өдөр Ховд аймагт ажиллаж байна. Тэрбээр албан томилолтынхоо хүрээнд өнөөдөр /2019.09.09/ салбарын байгууллагуудын ажилтнуудын төлөөлөл 200 гаруй багш, ажилчидтай уулзлаа.


Уулзалтад аймаг, орон нутгийн удирдлагууд, холбогдох байгууллагын удирдлага, төлөөллүүдээс гадна БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газрын дарга Ж.Мягмар, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын хэлтсийн дарга Ч.Энх-Амгалан нар оролцов.



Уулзалтын эхэнд БСШУС-ын сайд салбарын бодлого, үйл ажиллагаа, өнөөгийн нөхцөл байдал, сургалтын цөм хөтөлбөрийн шинэчлэлийн ач холбогдлын талаар танилцуулсан юм.
Үүний дараагаар сургууль, цэцэрлэг, соёл, спортын байгууллагын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлууд, салбарын бодлого, үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэх ажлын талаар багш нарын санал хүсэлтийг сонслоо.



Сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч, багш нарын зүгээс сургалтын бодлого, үйл ажиллагаа, хөрөнгө оруулалттай холбоотой олон чухал асуулт асууж, санал гаргалаа. Тухайлбал, туслах багшийн багшлах эрх олгох сургалтын байгууллагуудын тоог цөөрүүлэн чанаржуулах, хүүхдийн цэцэрлэгийн тоглоомын хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн Их, Дээд сургуулиудын тогтмол зардлыг Улсын төсвөөс олгодог байх, Хөгжимт драмын театрын барилгын засвар, Нийтийн номын сангийн барилгын дээврийн засвар хийх, номын хүртээмжийг сайжруулах зэрэг хэд хэдэн асуудлуудыг шийдвэрлэж өгөхийг уламжлав.



БСШУС-ын сайд багш, ажилчдын гаргасан асуулт, саналд тодорхой хариулт өгч судалж, шийдвэрлэх шаардлагатай зарим асуудлуудад шаардагдах хөрөнгө оруулалтыг 2020 оны төсөвт тусган хэрэгжүүлж ажиллахаа илэрхийллээ.



Уулзалтын төгсгөлд салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж буй нэр бүхий багш нарыг салбарын шагналаар шагнаж урамшуулав.







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ