Мянгад сумын “Өсөх нахиа” цэцэрлэгийн барилгын ажлыг “ГЦЦЭ” ХХК гүйцэтгэн, хугацаанаас нь өмнө ашиглалтад хүлээлгэн өглөө


Мянгад сумын “Өсөх нахиа” цэцэрлэгийг анх 1975 онд 75 хүүхдийн ортойгоор “Хүүхдийн төлөө сан”-гийн хөрөнгөөр барьж байгуулжээ. Түүнээс хойш тасралтгүй 44 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Жил ирэх тусам сургуулийн өмнөх боловсрол эзэмших хүүхэд багачуудын тоо өсөн нэмэгдсээр өнгөрсөн хичээлийн жилд л гэхэд 120 гаруй хүүхэд тус цэцэрлэгт хамрагдаж, цэцэрлэгийн хамт олон “гэр цэцэрлэг” нэмж барин сургалтын үйл ажиллагаагаа явуулсан байна. Тиймээс хөдөө, орон нутгийн хүүхэд багачуудын сургуулийн өмнөх боловсрол эзэмших таатай орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Улсын төсвийн 1 тэрбум 56 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 150 ортой хүүхдийн цэцэрлэгийг барьж ашиглалтад орууллаа.


Барилгын ажлыг 2018-2019 онд “ГЦЦЭ” ХХК гүйцэтгэсэн бөгөөд хугацаанаас нь сарын өмнө буюу 09-р сарын 02-ны өдөр ашиглалтад хүлээлгэн өгч, нээлтийн тууз хайчиллаа. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн О.Батнасан, Аймгийн Засаг дарга Б.Дүгэржав болон тус сумын удирдлагууд, холбогдох байгууллагуудын төлөөллүүд, тус цэцэрлэгийн үе үеийн багш, ажилчид, хүүхэд багачууд, эцэг эхчүүд оролцов. Ийнхүү цэцэрлэгийн багачуудын сурч хүмүүжих таатай орчин нөхцөл, хүүхэд бүрийг сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломжийг бүрдүүлсэнд эцэг эхчүүд талархалтай байгаагаа илэрхийлж байлаа. 

ВИДЕО:




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ